Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2025.06.20/ 11.00 цагт зарлажээ. Хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ жилийн төсвийг 2.3 их наядаар тодотгож байгаа бөгөөд 1.8 их наядыг урсгал зардлаас, 500 гаруй тэрбумыг хөрөнгө оруулалтын зардлаас танаж байгаа юм. Энэ хүрээнд 14.400 төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Энэ талаар тэрбээр "Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн тухай хуульд тухайн жилийн төсөвт тавигдсан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны гэрээ нь тавдугаар сарын 31-нээс өмнө хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг заалттай. Энэ заалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд 2023 онд оруулсан бөгөөд энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Худалдан авах ажиллагааны гэрээ эхний хагас жилийн дотор хийгдээгүй бол бүтээн байгуулалтын ажил сүүлийн хагас жилд хийгдэнэ гэдэг худлаа. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарыг илүү хариуцлагажуулах, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтуудыг баталж байх зарчмыг хатуу баримтлах үүднээс энэ заалтыг оруулсан. Ингээд тавдугаар сарын 31-нээр тасалбар болгоод төсвийн ерөнхийлөн захирагч нараас худалдан авах ажиллагааны мэдээг авахад нийт 534 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний гэрээ хийгдээгүй байна. Тэгэхээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу энэ нь шууд хэмнэлт болж байна гэсэн үг. Төсвийн орлого дутсанаас болоод үүсэж магадгүй алдагдал жилийн эцэс рүү 2.3 их наяд төгрөгт хүрнэ гэдэг судалгаа гараад байгаа. Тэгвэл энэ 2.3 их наядын 534 тэрбум төгрөг нь хуулийн дагуу бий болж, 1.8 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийх шаардлага үүсэж байна гэсэн үг. Тиймээс төр өөрөөсөө эхэлж урсгал зардал, хөрөнгө оруулалтаа оновчтой болгох, төрийн бүтцийг илүү чадамжтай байдлаар цомхотгох зорилготойгоор төрийн захиргааны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэл шаардлагаар төсөвт тодотгол хийх гэж байна" гэсэн юм.
Үүний дараа 2025 оны оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих юм. Ингэснээр ирэх долоо хоногт УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэх юм.