УИХ дарга Д.Амарбаясгаланд өчигдөр /2025.06.19/ ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
УИХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага үүссэн талаар танилцуулав.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд салбар яамнаас хэлэлцүүлгүүдийг хийж, тариаланчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлагыг гаргасан гэлээ. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ташрамд дурдахад, ХХААХҮ-ийн одоогийн сайд Ж.Энхбаяр “Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл” буюу Д.Амарбаясгалангийн "гурил, тэжээлийг албан татвараас чөлөөлөх тухай хууль"-ийг хүчингүй болгох хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард /2025.01.23/ УИХ-д өргөн барьсаныг өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн ч дэмжлэг авалгүй унасан юм.