Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх ажилд зориулж 47.0 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг баталлаа

Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх ажилд зориулж 47.0 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, Хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ хуулийн төслийг Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны тавдугаар сарын 29-ны үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч уг зээлийн хэлэлцээрт Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурсан бичвэрийн алдаа байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулж, уг алдааг засуулахаар Засгийн газарт буцаасан юм. Алдааг залруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичгээр ирүүлсэн тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

“Эрчим хүч-3 төсөл”-өөр Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм. Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм. 2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч сарын 29-ны нэгдсэн хуралдаандь тавьсан хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, А. Ариунзаяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтаншагай нар асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн Дулааны цахилгааны станцын төслийн талаар тодруулга авч, Багануураас Чойбалсан чиглэлд татах 220квт-ын шугам сүлжээний ажил ямар түвшинд явааг болон Дорнодын цахилгаан станц болон нүүрсний уурхайн хооронд үнэ, тарифын үл олйголцол байгааг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Түүний асуултад Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт хариулахдаа Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан талаар дурдаад, ирэх онуудын хөгжлийн төлөвлөгөөнд эрэмбэлэн тусгаж ажиллахаар төлөвлөсөн тухай ярив. Дорнод аймаг дахь Адуунчулууны нүүрсний уурхай бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснийг Эрчим хүчний зохицуулах хороо хянаж байгаа ажээ. 10 аймгийн Дулаан цахилгаан станцын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан талаарх асуудлыг тус улсын талд тавиад байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Засгийн газарт шуурхай ажиллахыг даалгах талаар санал гаргаж, байгуулагдаад хоног хугацаа нь тоологдож эхэлсэн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах асуудал удаашрах нь хүү, санхүүгийн үр дагавартайг Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрээр жишээлэн анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа “Эрчим хүч-3 төсөл”-ийн эдийн засаг, санхүүгийн өгөөжийг хэрхэн тооцоолсон болон зээлийн хэлэлцээрт бичвэрийн алдаа гаргасан асуудалд хэрхэн хариуцлага тооцсон талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай энэхүү төсөл Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжид ямар нөлөө үзүүлэх болон нийслэлийн алслагдсан гэр хорооллууд, шинэ суурьшлын бүсүүдэд буй айл, өрхүүдийн эрчим хүчний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулах талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөн сайжруулах “Эрчим хүч-3 төсөл” Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөтгөхөд шууд нөлөө байхгүй гэдгийг тодотгож, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг 2035 он хүртэл өргөжүүлэх, өргөтгөхөд нийт 2.0 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа гарсан болон нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас ажил удаашралтай явагдаж байгааг тэрбээр онцолсн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталъя гэсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо. Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.