СУРВАЛЖИЛГА: 17 тэрбумын хандив босгож, 14 жилийн өмнө шав тавьсан Х.Баттулгын гэдэг "Их майдар" хотын бүтээн байгуулалтын ажил дахин зогсжээ

СУРВАЛЖИЛГА: 17 тэрбумын хандив босгож, 14 жилийн өмнө шав тавьсан Х.Баттулгын гэдэг "Их майдар" хотын бүтээн байгуулалтын ажил дахин зогсжээ

Монгол Улсын анхны эко хот болно хэмээн танилцуулж, 80-100 мянган хүн амьдрах шинэ хот байгуулахаар төлөвлөсөн “Их Майдар” төслийн шавыг 2012 онд тавьж байв.

Тухайн үеийн төлөвлөгөөгөөр хотын эхний үе шат 2016 онд ашиглалтад орох ёстой байсан ч хугацааг нь хойшлуулсаар 2030 он болгосон. Гэвч анхны шав тавьснаас хойш 14 жил өнгөрөхөд төлөвлөсөн хотын оронд Майдар бурхны хөшөө л сүндэрлэж, бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсон дүр зураг угтлаа.

ВИДЕО:

Энэ байдлыг сурвалжлахаар Төв аймгийн Сэргэлэн сумыг зорьсон юм. Төслийн талбайд очиход барилгын ажил өрнөж буй шинж, ажилчдын хөдөлгөөн, хүнд машин механизм харагдсангүй. Харин 54 метр өндөр Майдар бурхны дүр л алсаас сүндэрлэнэ. Нэгэн цагт 300-400 мянган хүн амьдрах засаг захиргааны шинэ хот байгуулна хэмээн танилцуулж байсан томоохон төслийн өнөөгийн дүр зураг ердөө энэ.

“Их Майдар” эко хотыг дөрвөн үе шаттайгаар байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 80-100 мянган хүн амьдрах хотын үндсэн бүтээн байгуулалтыг хийхээр тусгажээ. Төлөвлөгөөнд орон сууцнаас гадна сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, театр, музей, эмнэлэг, онцгой байдлын байгууллага зэрэг нийгмийн үйлчилгээний цогцолбор багтаж байв. Өөрөөр хэлбэл, зөвхөн барилга байгууламж барих бус, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хэмжээний шинэ хот бий болгох зорилго дэвшүүлсэн хэрэг.

Төслийн санаачилгыг 2008 онд тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга гаргаж байсан. Харин хэсэг хугацаанд нам жим болсон уг төслийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа дахин идэвхжүүлсэн юм. Тэрбээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор 300-400 мянган хүн амтай засаг захиргааны шинэ хот байгуулна гэдгийг тухайн үед онцолж байв.

ВИДЕО:

Улмаар төслийн бүтээн байгуулалтад зориулан 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр Засгийн газраас гарч байсан юм. Гэвч томоохон зорилт, төлөвлөгөө бодит ажил болж чадсангүй.

Төслийн талбайд ажиллаж байсан хамгаалагчаас бүтээн байгуулалтын өнөөгийн байдлыг тодруулахад “Майдар хотын санаачилгыг анх Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байсан. Өнгөрсөн зун буюу 2025 онд Их Майдар бурхнаа босгож дууссан. Харин энэ зун, намар бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй. Төсөв, мөнгөгүй болсон байж магадгүй юм. Ид бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байх үедээ 20-30 хүн ажиллаж байсан. 2030 онд энэ хот багтаж дуусах тал дээр эргэлзээтэй санагддаг” хэмээн ярив. Талбай дээрх бодит байдал болон хамгаалагчийн ярианаас харахад төслийн ажил удааширсан нь илт.

Эндээс хамгийн түрүүнд санхүүжилтийн асуудал хөндөгдөнө. “Их Майдар” төслийн хүрээнд олон нийтээс хандив цуглуулж, 17 тэрбум төгрөг босгосон гэх мэдээлэл бий. Мөн өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс төслийн хүрээнд ямар хэмжээний санхүүжилт гаргасан нь тодорхой бус хэвээр.

Одоогоор мэдэгдэж буй мэдээллээр 2020 онд хотын усны эх үүсвэрийг тогтоох судалгаанд улсын төсвөөс 650 сая төгрөг зарцуулсан бол 2021 онд уг төсөлд 55.2 сая төгрөг төсөвлөжээ.

Үүнээс гадна төмөр замын санхүүжилтээс Хонконгоор дамжуулан хоёр сая ам.доллар “Их Майдар” ТББ-ын дансанд орсон гэх асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр олон нийтэд мэдээлж байсан.

ВИДЕО:

Томоохон бүтээн байгуулалтын төсөл эхлүүлэх нь нэг хэрэг. Харин төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, санхүүжилтийг тогтвортой шийдвэрлэх, зарцуулалтыг ил тод тайлагнах нь түүнээс дутахгүй чухал. “Их Майдар” эко хотын санаачилга гарснаас хойш 18 жил, шав тавьснаас хойш 14 жил өнгөрчээ. Анх 2016 онд ашиглалтад орох ёстой байсан эхний үе шат өнөөдрийг хүртэл бодит хот болон төлөвшөөгүй байна. Харин 2030 он буюу ашиглалтад оруулах хугацаа хэдийнэ тулжээ. Гэтэл 80-100 мянган хүн амьдрах хотын үндсэн дэд бүтэц, орон сууц, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт одоогоор харагдахгүй байна.Товчхондоо, олон жилийн турш том зорилт, том амлалтаар яригдсан “Их Майдар” эко хот үнэхээр бодит хот болж сүндэрлэх бус Майдар бурхны хөшөөтэй үлдэж магадгүй байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө