МАН таван гишүүнээ намаас хасаж, АН-тай "эвслийн Засгийн газар" байгуулж магадгүй

МАН таван гишүүнээ намаас хасаж, АН-тай "эвслийн Засгийн газар" байгуулж магадгүй

МАН парламентад “олуулаа” болж, АН-тай эвсэх улс төрийн хувилбар яригдаж эхэлсэн нь 2027, 2028 оны Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийн бэлтгэл яваад байж магадгүй байна. 

Тодруулбал,   УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан нам /АН/ парламентын 76 суудлын 34-ийг авсан ч дангаараа олонх болж чадаагүй, "олуулаа" болж байв. Тиймээс Н.Энхбаярын “Шударга ёс” эвсэлтэй нийлж Засгийн газраа байгуулж байв. Харин 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам /МАН/ тус бүр 65, 62 суудал авч, парламентад үнэмлэхүй олонх болж, дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн юм. УИХ-ын 2024 оны сонгуулиар тойрог болон намын жагсаалтаар нийт 126 гишүүн сонгогдож, МАН 68 суудал авснаар парламентад дийлэнх олонх болсон. Гэсэн ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулж байсан.

-МАН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАГДАХ ТАВАН ГИШҮҮН УЛС ТӨРИЙН ШИНЭ ХУВИЛБАР ҮҮСГЭХ ҮҮ-

Тэгвэл УИХ-д 68 суудалтай МАН зарим парламентын гишүүнээ намынхаа гишүүнчлэлээс хасаж, Улсын Их хуралд “олуулаа” болсноор эвслийн Засгийн газар байгуулагдаж магадгүй гэсэн хувилбар улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс тав нь намынхаа гишүүнчлэлээс хасагдвал тус намын парламентын гишүүдийн тоо 63 болж буурна. Ингэснээр МАН парламентад олонхыг дангаараа бүрдүүлэхгүй болж, эвслийн Засгийн газар байгуулагдах асуудал хөндөгдөж магадгүй юм.

Тодруулбал, МАН-ын дарга Н.Учрал энэ оны хоёрдугаар сард мэдэгдэл хийхдээ, “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж мэдэгдсэн.

Энэ утгаараа Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар МАН-аас хөөгдөх нь цаг хугацааны л асуудал болсон. Харин энэ хоёр гишүүн дээр нэмэгдээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа, П.Сайнзориг нар МАН-ын гишүүнчлэлээс хасагдаж магадгүй юм. Учир нь Авлигатай тэмцэх газраас Л.Оюун-Эрдэнэд хэрэг бүртгэлийн хэрэг нээн, авлига, албан тушаалын шинжтэй асуудлаар шалгаж эхэлсэн байж магадгүй байгаа.

Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байна. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг иргэн Х.Тайван нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тухайн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа юм. 

Нөгөөтэй, Э.Болормаа, П.Сайнзориг нарыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга асан Х.Нямбаатар нарын хүмүүс гэдэг. Тодруулбал, Э.Болормаа нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан бол, П.Сайнзориг Хотын дарга асан Х.Нямбаатарын “нэгдүгээр орлогч”-оор ажиллаж байсан.

Иймд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа, П.Сайнзориг нар МАН-ын гишүүнчлэлээс хасагдаж, улмаар Монгол Ардын нам парламентад “олуулаа” болсноор эвслийн Засгийн газар бүрдэж магадгүй юм. Харин улс төрийн энэхүү үйл явдал 2027 оны улсын төсвийг УИХ-аар баталсны дараа өрнөж болзошгүй.

-ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АРДЧИЛСАН НАМ ОРОХ УУ-

“Эвслийн Засгийн газар” гэдэг нь хоёр буюу түүнээс олон нам хамтран Засгийн газар байгуулахыг хэлдэг. Тиймээс ийм хувилбар бодитоор хэрэгжих нөхцөл бүрдвэл АН-ын гишүүдийн дунд Засгийн газарт орох байр суурь давамгайлж магадгүй гэх таамаг яригдаж байна.

Учир нь АН-ын гишүүд 2016 оноос хойш буюу сүүлийн арван жилийн хугацаанд эрх баригч намын байр сууринд ажиллах боломж хязгаарлагдмал байсан. Тиймээс эвслийн Засгийн газарт хамтран ажиллах нь АН-ын хувьд улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх нэг боломж гэж үзэх хүмүүс байж болох юм. Хэрэв АН эвслийн Засгийн газарт орж, 2028 оны УИХ-ын сонгуульд өнөөдрийн 42 суудлаа ахиулах зорилго тавибал энэ нь тус намын цаашдын улс төрийн стратегийн нэг хэсэг болж магадгүй. Цаашлаад 2028-2032 оны парламентад олонх болох зорилго тавих боломж ч бий.

Саяхан УИХ дахь АН-ын бүлгийн дарга солигдож, Б.Түвшин сонгогдсон нь эвслийн Засгийн газрын бэлтгэл ажлын нэг хэсэг ч байж болох юм.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан нам Засгийн газарт хамтрахгүй” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Харин энэ удаа "хамтрах" биш, хуулийн дагуу “эвсэх” асуудал яригдвал АН-ын дарга О.Цогтгэрэл “эвслийн Засгийн газар”-ын танхимд орж ажиллахгүй, удахгүй болох том сонгуульд нэр дэвшин, өрсөлдөж магадгүй юм. 

Нөгөө талаар, “эвслийн Засгийн газар” байгуулах улс төрийн ажлыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар хийгээд байж магадгүй байна. Тодруулбал,  саяхан түүний өмгөөлөгчид мэдээлэл хийж, “Г.Занданшатарын нэр хүндэд халдсан МАН-ын нэр бүхий хүмүүсийг АТГ-т өгч байна” гэж мэдэгдсэн. Харин үүний дараа Д.Амарбаясгалан сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Г.Занданшатар дарга ажилгүй уйдсандаа намайг АТГ-т өгсөн байх” гэсэн юм. Тэгвэл улс төрд өрнөж буй энэ бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг тодорхойлсон, цаашлаад УИХ-ын 2028 оны сонгуулийг зурагласан улс төрийн тооцооллын нэг хэсэг өрнөөд байж магадгүй байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө