Г.Сайнбилэгт: Монгол Улсад маань инженерүүд л илүү хэрэгтэй байна

Г.Сайнбилэгт: Монгол Улсад маань инженерүүд л илүү хэрэгтэй байна

"Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн төгсөгч, "Шинэ Монгол технологийн дээд сургуулийн элсэгч Г.Сайнбилэгттэй ярилцлаа.

-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтаас Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан цорын ганц сурагч болсонд баяр хүргэе. Хэр хугацаанд бэлдэв, ямар нэгэн тусгай аргачлалаар бэлдсэн үү?

-Баярлалаа. Тусгай аргачлал, илүү цаг гаргаж бэлдсэн гэх юм байхгүй ээ. Сургуулийнхаа багш нарынхаа зааж өгсөн аргачлалаар л бэлдэж оролцсон. Өөрөө ч математик, физиктээ сонирхолтой болохоор нэг их түүртээгүй л дээ. Хамгийн гол нь "Шинэ Монгол технологийн дээд сургууль"-ийн физикийн багш О.Нямсүрэн багшдаа талархаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Намайг ЭЕШ-анд бэлдэж, сойсон гол хүн байгаа юм.

-Багш тань их туршлагатай сайн багш байж дээ?

-О.Нямсүрэн багш өөрөө бол "Шинэ Монгол технологийн дээд сургууль" (NMIT)-ийн физикийн багш гэж түрүүн хэлсэн. Үүнийхээ хажуугаар манай "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн сурагчдыг олимпиадад бэлддэг юм. Багшийнхаа удирдлага дор улс, нийслэл, дүүргээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гээд чамлахааргүй амжилт гаргасан.

-Мэдээж хоёр гол хичээл дээр ийм өндөр оноо авахаар их дээд сургуулиуд булаацалдаад л авдаг байлгүй дээ. Чамд урилга хэр их ирэв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Физикийн олимпиадаас мөнгөн медаль авахад МУИС, ШУТИС-аас тэтгэлэгтэй урилга ирүүлсэн байсан л даа. Гэвч би нэлээн бодож байгаад "Шинэ Монгол эрдмийн хүрээлэн"-гийнхээ харьяа "Шинэ Монгол технологийн дээд сургууль"-даа орохоор шийдсэн. Ер нь бол Шинэ Монгол сургууль маань хүүхдийг зорилготой, төлөвлөгөөтэй болгож, хамгийн гол нь түүнийгээ биелүүлье гэсэн урам зоригоор хөглөж өгдөг. Тийм учраас сургуульдаа үргэлжлүүлэн сурч, зорилгодоо хүрэхийг хүссэн.

-Ямар мэргэжлээр суралцахаар сонгосон бэ?

-Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ангийг сонгож элссэн. Цаашдаа Япон улсад энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж сурах сонирхолтой. Энэ тал дээр "Шинэ Монгол технологийн дээд сургууль" маань давуу тал болж өгнө гэдэг нь сонголтод маань нөлөөлсөн. Мөн электроник талдаа Монголдоо дээгүүрт тооцогддог Б.Бат-Отгон багш Шинэ Монгол технологийн дээд сургуульд багшилдаг нь сонголтоо хийх нэг том хөшүүрэг болсон.

-Шинэ Монгол бүрэн дунд сургуульд хэддүгээр ангиасаа элсч орсон бэ?

-Би Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийг төгсөөд хотод шилжиж ирсэн. Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын гавъяат багш Р.Бавуудорж багш Шинэ Монгол сургуульд орохыг зөвлөсний дагуу аравдугаар ангиасаа элсэн суралцсан.

-Цаашдынх нь сурлага, зорилгод амжилт хүсье. Монгол Улсдаа ихийг хийж бүтээгээрэй.

-Баярлалаа. Гэрийнхэн маань намайг санхүү, эдийн засгийн чиглэлээр сурахыг зөвлөж байсан ч миний хувьд Монгол Улсад маань инженерүүд илүү хэрэгтэй юм шиг санагдсан. Чадвартай сайн инженер болсон байхад эх орондоо хэрэгтэй зүйл хийх бооомж олдоно гэдэгт итгэлтэй байна.