Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг долдугаар сарын 30-н хүртэл сунгаад байна. Хэрэв цаашид хөл хориог сунгавал есдүгээр сард теле хичээл орж магадгүй. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа ч ирэх намраас хичээл танхимаар орох боломжтой эсэхэд мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Тодруулбал, Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг өнөөдөр /2020.07.23/ ХӨСҮТ-д зохион байгуулж байна.
Эрсдэлийн үнэлгээг тодорхойлоход Эрүүл мэндийн байгууллага, НЗДТГ болон мэргэжлийн хяналт, онцгой байдлын газар болон цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм. Дараа нь эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулах аж.
Засгийн газрын долдугаар сарын 16-ны хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд буюу ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэл өгсөн юм.
Эх сурвалж: news.mn