Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгодог “Үндэсний инновацын шагнал”-ыг 30 сая төгрөг дагалдана.
Уг шагнал “Шилдэг инновацын шагнал”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” гэсэн 2 төрөлтэй бөгөөд үүнд нэр дэвшүүлэх хүсэлтийг ирэх сарын 3-ны 17 цаг хүртэл БСШУЯ-ны 118 тоот өрөөнд хүлээн авж байна.
“Шилдэг инновацийн шагнал”-д зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлэх юм.
Харин “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд зах зээлд шинээр, эсвэл өмнө нь байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгэний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлэх юм байна.
Бүтээлд тавигдах шаардлага нь зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх ёстой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн хэрэгцээнд нийцсэн байх, олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх, инновацын тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан ололтыг таниулсан байх аж.