Ардчилсан залуучуудын холбооны "Зүүн бүс"-ийн 600 гаруй залуус чуулжээ

Ардчилсан залуучуудын холбооны "Зүүн бүс"-ийн 600 гаруй залуус чуулжээ

Ардчилсан намын залуусын “Шинэ давалгаа” андууд чуулган Дорнод аймгийн Баянтүмэн суманд зохион байгуулагдлаа. Чуулганы эхний өдөр ардчилсан залуус шинэчлэн батлагдсан үзэл баримтлалын онолын талаарх сургалтанд хамрагдсан байна. Үзэл баримтлалын онолыг таниулан сурталчлах ажил 21 аймагт амжилттай зохион байгуулагдан аяны түүчээгээ залуустаа хүргээд байгаа нь энэ юм. Ардчилсан залуучуудын холбооны сургагч багш нар үзэл баримтлалын онолоо өртөөчилсөн байдлаар танилцуулж, хөгжлийн тулгамдаж буй асуудал цаашдын зорилтыг залуустайгаа хэлэлцсэн юм. 

Чуулганы хоёр дахь өдөр “Бодлого, зарчим” хэлэлцүүлгээр үргэлжилжээ. Энэ хүрээнд, “Үе хоорондын хэлэлцүүлэг”, “Орон нутгийн хөгжлийн талаархи хэлэлцүүлэг” явагдсан юм. Үе хоорондын хэлэлцүүлэгт 70, 80, 90-ээд оны гурван үеийн төлөөлөл оролцож ардчилал, үнэ цэнэ, үзэл баримтлалын асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарцыг хамтдаа хайлаа. Гурван үеийн төлөөллийн хэлэлцүүлгийн үеэр залуусын сонгуулийн ирцийг тойрсон асуудлууд анхаарал татсан юм. Учир нь хөгжлийн гарцыг хайхын тулд залуусын идэвхи, нийгмийн оролцоо чухал. Залуусын хийсэн сонголт Монголын ирээдүйн хөгжлийг тодорхойлно гэдэг дээр гурван үеийн төлөөлөл санал нэгдсэн юм. Тиймээс ч залуусыг сонгуульд идэвхитэй оролцохыг гурван үеийн төлөөлөл уриалж байсан юм. Мөн залууст чиглэсэн мөрийн хөтөлбөрийг улс төрийн намууд боловсруулах шаардлагатай болохыг ч хэлж байлаа. Залууст чиглэсэн мөрийн хөтөлбөр, бодлого дутагдалтай байгаа нь залуу үеийн улс төрийн идэвхи муу байгаатай холбоотой гэж талууд үзсэн юм.

Орон нутгийн хөгжлийн талаархи хэлэлцүүлэгт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төлөөллүүд оролцсон. Зүүн бүсийн гурван аймгийн хувьд хөгжлийн зангилаа бодлого явуулах нь чухал болохыг онцоллоо. Нэг аймаг гэхээсээ илүү бүсийн хэмжээнд хөгжлийн цогц бодлого явуулах нь оновчтой  гэдгийг намын удирдлагууд ч хэлж байгаа юм. Дэд бүтцээ сайжруулах, харилцан уялдаа холбоотойгоор хөгжих өргөн боломж зүүн бүсийн аймгуудад байгааг оролцогч аймгуудын төлөөллүүд хэллээ. Мөн хэлэлцүүлгийн үеэр боловсролын чанарын асуудал хурцаар хөндөгдлөө. Энэ жилийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн тааруу гарсан. Хүний нөөцийн асуудалд нөлөөлөхүйц энэ үр дүн орон нутагт ч их байгааг хэлэлцүүлэгт оролцсон эрхмүүд хэлж байсан юм.

Сүхбаатар аймгийн АН-ын дарга М.Идэрбат, “Манай аймаг боловсролын чанараараа эхний тавд ордог байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн статистик дүнг харахад 20 дугаарт орж ухарсан байна. Энэ бол аймгийн хэмжээнд явуулж буй боловсролын салбарын бодлого яаж алдагдсаныг харуулж байна. АН засаглаж байхдаа боловсролын салбарт маш их анхаарч ажилласан. Тухайлбал, бүх шатны боловсролын байгууллагт хамгийн шилдэг гэсэн багш нарыг авчирч байсан. Гэтэл одоо нөгөө багш нарыг маань явуулчихсан. Бодлого залгамж халаатай байх ёстой. АН явуулж байсан бол сайн ч байсан болиулаад байж болохгүй шүү дээ. Гэтэл одоо МАН засаглаад манай аймгийн хөгжлийн түвшин харьцангуй доошилж ухарч байна. Боловсролын салбарт л гэхэд дээрх байдлаар харагдаж байна. Мөн МСҮТ хэрэгтэй байна. Хүн бүр их дээд боловсролтой болно гэхээсээ илүү мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байна. Орон нутаг нэг үйлдвэр барилаа гэхэд мэргэжилтэй боловслон хүчин дутагдах хэмжээнд байна шүү дээ. Мөн манай аймгийн хувьд хөгжлийн зургаа 30 он хүртэл гаргачихсан. Гэхдээ дангаараа биш зүүн бүсийн аймгууд хамтаараа хөгжих ёстой гэж хардаг. Манай аймгийн хувьд 700 км яваад далайд гарах боломжтой байршил дээр байна. Энэ боломжоо ашиглаад бид транзит тээвэр явуулах, хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлэх гээд маш өргөн боломж байна гэж хардаг.

Дорнод аймгийн АН-ын дэд дарга П.Алтантуяа: Л.Гантөмөр сайдын үед хэрэгжүүлж байсан бодлого алдагдсан нь өнөөдрийн үр дүнгээс харагдаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн манай аймгийн хэмжээнд ч муу гарсан. Өмнө нь хийж байсан, болж байсан зөв бодлогыг авч үлдмээр байна. Дорнод аймгийн хувьд багш боловсон хүчин дутагдалтай байна. Сурагчдын сурлагын түвшинд нөлөөлж байгаа асуудлыг шийдвэрлэмээр байна. Мөн сургууль цэцэрлэгийн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Суралцах орчин, сургагч багшаас хүүхдүүдийн сурлагын түвшин хамаарч байна шүү дээ.

Хөгжлийн бодлогын тухайд манай аймаг аялал жуулчлалын салбараа түлхүү анхаарья гэж төлөвлөөд байна. Аймгийнхаа байгаль түүхийн дурсгалт 9 гайхамшигтаа тулгуурлан аялал жуулчлалын салбараа тордоод авах боломж байна.

Хэнтий аймгийн ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан: Манай аймгийн хувьд аялал жуулчлал, хүнсний ногооны үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргээр хөгжлийн тэргүүлэх таван чиглэлийг тодорхойлсон байгаа. Энэ нь зүгээр сууж байгаад ярьчихсан асуудал биш. Хэд хэдэн суурь судалгааны дүнд үндэслэн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлоод байна. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг ярьдаггүй аймаг ховор. Гэхдээ аялал жуулчлалыг соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээтэй нь хослуулж хөгжүүлэх асуудал дутуу яригдаж байна. Эзэн Чингис хааны өлгий нутгийн аялал жуулчлал энэ замаар хөгжинө гэж үзэж байгаа. Илүү олон жуулчин татах, өв соёлоо сурталчлахад аялал жуулчлалын соёл урлагтайгаа хосолсон бодлого чухал. Энэ мэт хөгжлийн асуудалд залуус дуу хоолойгоо нэгтгэх нь чухал байна. Өнөөдөр 600 залуус нэг дор чуулж эдгээр асуудлыг ярьж байна, цаашид залуусын оролцоо  улам бүр нэмэгдэнэ гэж харж байгаа.

Эх сурвалж: Demparty.mn 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө