УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар наадмаар 9 хоног амарч, гадаадад болсон наадамд түрүүлсэн бөхөд сум, аймгийн цол олгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар наадмаар 9 хоног амарч, гадаадад болсон наадамд түрүүлсэн бөхөд сум, аймгийн цол олгох хуулийн төсөл санаачилжээ

Баруун бүсээс сонгогдсон О.Амгаланбаатар нь УИХ-ын гишүүнээр ажиллах 10 сарын хугацаандаа “Зөвшөөрөл авахгүйгээр чоно агнаж болох” хуулийн төслийг санаачлан батлуулсан. Тэгвэл түүний боловсруулж буй дараагийн хууль нь “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” аж.

- НААДАМД ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙГ ОРУУЛАХ, ДЭЛХИЙН МОНГОЛ НААДМЫГ 5 ЖИЛ ТУТАМД ЗОХИОН БАЙГУУЛЖ ДЭЛХИЙН АВАРГА ЦОЛ ОЛГОХ, УНААЧ ХҮҮХДЭД УЛСЫН ЦОЛ ОЛГОНО-

Ингэхдээ тэрбээр наадамтай холбоотой анхаарал татахуйц хэд, хэдэн өөрчлөлтийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар хуулийн төслөө боловсруулжээ. Тухайлбал, Улсын баяр наадамд насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлтийг оруулах, дэлхийн Монгол наадмыг 5 жил тутам зохион байгуулж, морь, бөх, сур харвааны төрөлд дэлхийн аварга цол олгох, улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын цол олгох зэрэг өөрчлөлтийг дээрх хуульд оруулж, төслөө боловсруулсан байна. 

Мөн "Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгодог болох, Уралдаанч хүүхдэд Улс, аймаг, сумын оны шилдэг уралдаанч цол олгоно” гэсэн заалтыг тусгаж өгсөн байгаа юм.

Цаашлаад наадмыг жил бүр 7 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал тэмдэглэж, бүх нийтээр амраахаар, шинжилгээг өгсөн бөх, сурын харваачид допингийн шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарсан өдрөөс хойш гурван хоногийн дотор шинжилгээний хариу болон батламжийг үндэслэн тухайн бөх, харваачдад улсын цолыг олгохыг хуульчилжээ. Харин хурдан морины уралдаантай холбоотойгоор Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан бол улсын алдарт уяач, зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан бол улсын манлай уяач,  10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан бол улсын тод манлай уяач, морь нь улсын баяр наадамд 6 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан бол улсын дархан тод манлай уяач цол олгохоор тус хуульд оруулсан байгаа юм.

-УЛСЫН ЦОЛЫГ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСНЫ ДАРАА ОЛГОХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛЖЭЭ-

Тэрбээр тус хуулийн төслийг боловсруулсан талаараа “АНУ, Солонгос, Европын нийт 46 оронд амьдран суугаа монголчуудын холбоог нэгтгэсэн Хилийн чанд дахь монголчуудын зөвлөлөөс санаачлан гадаадад байгаа монголчуудын дунд тухайн амьдарч байгаа орнуудад үндэсний өв соёлоо сурталчилж, мөн эх орноосоо хол өсөж, хүмүүжиж байгаа олон мянган хүүхэд залууст өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүрийн Улсын баяр наадмыг зохион байгуулдаг. Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж ирсэн уг наадамд улс, аймаг, сум, цэргийн цолтой 64-128 бөх зодоглодог. Уг наадам нь аймгуудын наадамтай дүйцэх хэмжээний баяр наадам болдог тул хилийн чанад байгаа монголчуудаа өв соёлоо өвлөж, сурталчлахад нь дэмжиж, 64- 128 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд сум, аймгийн цол олгох, цолыг нь тухайн оронд суугаа Элчин сайд нь олгож байх саналыг хуулийн төсөлд оруулсан билээ.

Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь үр дүнтэй байж чадахгүй байгаа учраас Улсын цолыг уг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатай байна. Ёс заншил, өв уламжлалд ч цаг үеэ дагаад өөрчлөлт ордог.

Өдгөө “Морь унаач хүүхэд” гэдэг нэршил бүхий ажил мэргэжил хүүхдийн хөдөлмөрийн нэг төрөл болоод өвөл, зун ялгаагүй нэг уралдаанд бүх насны морь унаж байна. Уралдаанаас гадна үсэргээ сунгаа, морины арчилгаа, маллагаа зэрэг нэргүй олон ажлыг ч морины хүүхэд эмхэлж яваа. Хурдан морины хүүхэд нас ахиад ирэхээрээ намхан жижигхэн, давжаа, туранхай “хар” залуу болчхоод туслах уяач хийж, айлын зарц шиг явдаг гэсэн яриа ч байдаг. Ийм учраас л хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж амь нас эрүүл мэндийг хамгаалах цаг ирсэн, үүнтэй зэрэгцээд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан болно" гэжээ. 

Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. Тус хуулийг боловсруулсан бөгөөд УИХ-д албан ёсоор өргөн бариагүй байгаа юм.