Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр " Хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хойш улаанбурхан өвчний 1756 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1199 тохиолдол эдгэрсэн. Нийт 18 аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнээс нийт тохиолдлын 73 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 27 хувь аймгуудад гарсан. Үүнээс 0-4 насныхан нийт тохиолдлын 22 хувийг, 40 гаруй хувийг 10-14 насныхан эзэлж байна. Нийт 804 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 264 хүн эмчлүүлж байгаа. Дархлаажуулалтад хамрагдаагүй дөрвөн сартай нярай улаанбурхан өвчнөөр өнөөдөр үүрээр эндлээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ирсэн. Ер нь бол сар гаран хатгалгаатай байсан, хоёр гурван эмнэлэг дамжсан биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй хамрагдах нас нь болоогүй мөн архаг хууч өвчтэй хүүхдүүд эндэх эрсдэл өндөр байна" гэлээ.
Харин Дархлаажуулалтын албаны дарга н.Дашпагма "Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхдийг 9 сартай, 2 настайд дархлаажуулалтад хамруулдаг. Тэгэхээр хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Хэрвээ товлолт дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй байвал сум, өрхийн эрүүл мэндийн төвдөө очоод нөхөн хамрагдах ёстой. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын голомтод байж ойрын хавьтал болсон бол мөн 72 цагийн дархлаажуулалтад хамрагдах ёстой Хэрвээ дархлаажуулалтад хамрагдаж чадвал ирэх намрын томуу өвчний дэгдэлтийг хүндрэл багатай даван туулна гэсэн тооцоолол байна" гэсэн юм.
LIVE: