П.Өлзийнаран: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д улс төрчдийн "гар, хөл" бий

П.Өлзийнаран: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д улс төрчдийн "гар, хөл" бий

Уул, уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч мэргэжилтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран гэх залуу энэ сарын 16-ны өдөр /2019.07.16/ болсон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн XIX дэх хурлыг эсэргүүцэж, орхиж гарсан талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулах, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, өгөөжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийх, ордын нөөц, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, урт, дунд хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулж тодорхой болгох, судалгаа шинжилгээний ажлуудыг үргэлжлүүлэн хийх зэрэг компанийн наслалтыг уртасгах өрсөлдөх чадварыг дээшлүүлэх олон тулгамдсан асуудлууд гацаж хойшлогдож байхад ТУЗ шалдар, булдар асуудал хэлэлцсээр өнөөдрийг хүрсэн учир эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хэрхэн ажилладаг, тэнд шийдвэрийг хэн, хэрхэн, яаж гаргадаг, улс төрчдийн оролцоо хэр их байдаг, нэн тэргүүнд засч, залруулах шаардлагатай ямар асуудлууд байгаа зэрэг сэдвээр П.Өлзийнарантай ярилцлаа. Уул, уурхайн  компанийн ТУЗ-ийн гишүүн хурлаа хаяж, шаардлага тавьсан тохиолдол өмнө нь гарч  байгаагүй учир П.Өлзийнарангийн үйлдэл олны анхаарлыг татаад байна. 

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д НЭГ Ч УДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛГҮЙГЭЭР ОЛСОН ОРЛОГЫГ НЬ ХУВААЖ ИДЭЖ ИРЖЭЭ-

Та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энэ сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн хуралдааныг хаяж гарсан гэсэн. Ямар шалтгаан таныг хурал хаяхад хүргэв?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ маш эрчтэй, нээлттэй ажилладаг гэж би дүгнэдэг. Нээлттэй байгааг илтгэх нэг жишээ нь миний шаардлага тавьж буй энэ хэлбэр юм. 2012 оноос хойш АН, МАН, МАХН-ны Засгийн газар ээлжилж Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагааг удирдаж байсан. Ингэхдээ энэ ордод анхны хөрөнгө оруулалт хийлгүйгээр өнөөдрийг хүрчээ. Ахуй амьдралын жишээгээр тайлбарлахад, Эрдэнэс тавантолгой  ХК-ийг саалийн үнээ гэж төсөөлье. Гэтэл энэ  үнээнд нэн шаардлагатай өвс тэжээлийг өгөх, хашаа саравчийг барих гэх мэт наад захын хөрөнгө оруулалтыг хийсэнгүй. Тэр бүү хэл үнээгээ 400 сая долларын  барьцаанд тавьж зээл авч байсан. Уг 400 сая долларын мөнгийг “Хүний хөгжил сангийн мөнгө” нэрээр гурван сая улаа хуваагаад идсэн. Энэ үйлдлийг зөвтгөж болохгүй. Өр бол өр. Бид ирээдүй хойчдоо өр үлдээж болохгүй. Гэхдээ 2016 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ нүүрсийг хамгийн хямд үнээр буюу тонн тутмыг нь 25 доллар аар борлуулж байсныг болиулж үнийг нь өсгөж чадсан. Өнөөдөр нүүрсний худалдан авалт дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр хийгддэг. Монголд хамгийн өндөр үнээр нүүрсээ зардаг компани “Эрдэнэс Тавантолгой”. Уурхайн амнаас 71 доллараар борлуулдаг.  Гэхдээ бидэнд хийх шаардлагатай олон ажил байна.

-Нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлуудыг дурдвал?

-Анхны хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн зардал бусад хувийн уурхайтай адил өндөр байна. Ихэвчлэн түрээсийн гэрээгээр ажил үйлчилгээгээ явуулдаг. Тэгэхээр ТУЗ-ийн хүлээсэн хамгийн том үүрэг, хариуцлага бол анхны хөрөнгө оруулалтыг хийхэд шаардлагатай судалгааны ажлыг хийх юм. Мөн тоног төхөөрөмжийг авах, үйлдвэрлэлийг нэмж барих, зардлыг бууруулах, нүүрсний үнийг өсгөх, ирээдүйд тогтвортой 50-100 жил ажиллах хүчин чадал бүхий стратегийн төсөл хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх гэх мэт олон асуудал байна. Энэ бүх ажлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Гэтэл шийдвэр гаралт болон ажил нэлээн удаашралтай байна. Улс төрөөс хараат байхын дээр Тендерийн тухай  хуулиас эхлээд эрх зүйн орчин нь ажил явуулах хурдыг удаашруулж байна. Ийм олон асуудлыг ТУЗ шийдэж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэхгүй хойш тавиад буйд би шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Ихэвчлэн аль байгууллагаас болж дээрх ажлууд гацаад байгаа юм ?

-Засгийн газар, том хувьцаа эзэмшигчдээс болж ажил гацаж байна. Эдийн засгийн хямрал тохиоход Тавантолгойн ордыг барьцаанд тавьж урд хөрш эсвэл  өөр орны мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлэхгүй байх төслийг бий болгох л зорилгыг би бодож явна. Тухайлбал, Зүүнбаянчиглэлийн төмөр замд оруулсан хөрөнгө оруулалтаас тус компани 100% хүртэл хувь эзэмшүүлэх, өндөр үнэтэй гадаад дотоодын гүйцэтгэл, түрээсийн шимэгчлэлийг богино, дунд хугацаанд халж дорвитой бүтээн байгуулалт хийх шийдвэрүүдийг мэргэжлийн түвшинд хэлэлцэх хүртэл эсэргүүцэж Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд суулт, хаялт зарласан.

-Зүүнбаян чиглэлийн төмөр замд оруулсан хөрөнгө оруулалтаас Эрдэнэс Тавантолгой 100 хүртэлх хувь эзэмших ёстой гэж та хэллээ. Ийм боломж бий юу?

-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих бүх хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргасан. Том хувьцаа эзэмшигчдээс хөрөнгө оруулалт авсан. Бүх мөнгийг төмөр зам руу оруулснаас болж шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хойш тавьсан. Нэгж бүтээгдэхүүнээс авах ашиг 40-60 мянган төгрөгөөр өсөх боломжтой. Гэтэл бид бусад хувийн уурхай шиг нинжа үйл ажиллагаа  явуулж байна. Бид саалийн үнээндээ хөрөнгө оруулалт хийхгүй байж сүүг нь бүгдийг зарж, үрээд дуусгаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь улс төрчдийн сонгуулийн мөнгөө босгодог, өөрийн хүнээ ажиллуулах гэж өрсөлддөг, нүүрс зарж баяжих гэсэн хүсэлтэй, бараа, үйлчилгээг өндөр үнээр шахаж мөнгө олох гэсэн шуналтнуудын ажилладаг газар гэх шүүмжлэл олон нийтийн дунд байдаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-2016 оноос өмнө тус компанид хулгай нүүрлэсэн, улс төрчдийн ил далд оролцсон компаниуд ажилладаг байсан. Мөн зэх зээлээс  маш өндөр үнээр нүүрс  олборлож  байсан. Энэ бүхнийг зах зухаас  нь засаад явж байгаа. 2016 оноос өмнө ТУЗ-ийн хурал нэг даргын өрөөнд чимээгүйхэн болоод өнгөрдөг байсан. Харин одоо бүх хурал нь сонин, хэвлэлээр зарлагдаад, нээлттэй асуудлаа ярьдаг болсон. Гэхдээ цаашид шийдэх олон асуудал бий.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хэр шударга явагддаг юм. Нүүрсний  худалдан авалт, гэрээ, тендерийн зөвшөөрлийг хэн өгдөг юм?

-ТУЗ-ийн хурал маш ширүүн уур амьсгал дунд болдог. Өнгөрсөн хугацаанд бизнес бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж дуугарсан нэг ч тохиолдолд ажиглагдаагүй. Би үүнийг бардам хэлнэ. Уг нь хэлж болохгүй юм. Харин улс төрийн намын эрх ашгийг хамгаалж дуугарах тохиолдол ажиглагдсан. ТУЗ-д хоёр намын төлөөлөл бий. Үүнээс цааш ярих боломжгүй. Компанийн нууц гэж бий шүү дээ.

-ОЛОН НИЙТИЙН ӨМЧИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСООР БАЙВАЛ БИЗНЕСИЙН ТАНЬ БҮХ БУЗАР, БУЛХАЙГ ДЭЛГЭНЭ ШҮҮ -

-Нүүрсийг шууд уурхайн амнаас борлуулдаг хувилбар хэр зөв юм. Нэмүү өртөг шингээж  борлуулах хэлбэр рүү орох цаг нь болоогүй юу?

-Нэмүү өртөг шингээгээд борлуулах нь зөв. Технологи хөгжих нь буруу биш. Гэхдээ өнөөдөр Монголд баригдсан хоёр, гуравхан нүүрс угаах үйлдвэр нь маш буруу баригдсан учраас өгөөжөө өгөхөөс илүү дарамт болж байна. Монголын уул, уурхайг технологийн мэдлэггүй санхүүч, улс төрчид удирдаад бүр эрсдэлд оруулаад байна. Олон улсын нүүрс угаах үйлдвэрүүд хамгийн багадаа 90 хувийн гарцтай  байна. Гэтэл манай үйлдвэрүүд нүүрсэндээ тохирохгүй байна. Ажиллахгүй үйлдвэр ч  байх жишээний. 100 тонн нүүрс угаагаад 50 тонн нүүрс гарч ирэх үйлдвэр ч  байна. Үйлдвэрийн нэрийг хэлээд юу гэх вэ.

-Таны дараагийн алхам юу вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани боо олон нийтийн өмч. Тиймээс олон нийтийн өмчийг гутаан доромжилсон ажлыг өөрсдийн гар хөлөөр хийлгэж буй үйл ажиллагааг эсэргүүцнэ. Төрийн өмчийг хамгаална. Хэрвээ ийм үйлдэл гаргасаар байвал бизнесийн тань бүх бузар, булхайг дэлгэнэ шүү гэж анхааруулмаар байна.

-Удахгүй  IPO гаргах гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? 

-Энэ компанид анхны хөрөнгө оруулалтыг хийгээгүй байж орлогыг нь хувааж идэх талаар яриад байгааг ойлгохгүй байна. IPO босгоод компанийн засаглал сайжирна. Гэхдээ ямар тохиолдолд вэ гэхэд хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд өөрсдөө үйл ажиллагаагаа хянадаг тохиолдолд сайжирна. Өнөөдрийн хөрөнгийн зах зээлийн нөхцөлд хувьцаа эзэмшигчдээ хамгаалж чадахгүй байна.

-Хүмүүсийн эрх ашиг, шуналыг цэгцэлж чадахгүй  байж хөрөнгө  оруулалт хийгээд нэмэр бий  юу?

-Эрдэнэс Тавантолгойн нэгж бүтээгдэхүүний зардлыг 50-60 мянган төгрөг болгох хэрэгтэй. Хувьцаа эзэмшигч нэгж бүтээгдэхүүнээс 30-60 мянган төгрөг илүү аваг. Үйлдвэрлэлийн зардлыг бууруулж чадвал хүмүүсийн шунал буурсан зардал дотроо л багтана. Компанийн ашиг 60-100 хувь өсөх ёстой юм. Зарчим нь энэ. Хүмүүсийн шунал бий. Гэхдээ би бодлогын хувьд гүйцэтгэх ажилд оролцож болохгүй. Бусад хяналтыг хууль хяналтын байгууллага нь хянаж байгаа байх.