Нүүрсний хэргээр шүүхээс хорих ял сонссон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар уг хэрэг эцэслэгдээд байгаа билээ.
Гэтэл "Нүүрсний" гэх хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх хурал дахин товлогджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалтай, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолтой, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолтой, Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүх энэ сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон байх аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн хоёрдугаар сард прокуророос тус хэрэгт залруулга хийлгэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны хандсан бөгөөд ингэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэсгийг тодруулж залруулга хийлгэхээр болсон байдаг. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх прокурорын саналыг хүлээн авч залруулга гаргасан аж.
Гэвч Х.Батхишиг нь уг залруулгыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд хандсан байна. Энэ дагуу Улсын Дээд шүүх тус гомдлыг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэхийг шийдэхээр хурал товлосон аж.
Бид уг хурлын талаар эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээр хаалттайгаар хянан хэлэлцсэн байдаг.
Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар зарим шүүгдэгчид холбогдох хэргийг улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг зөвтгөн өөрчилж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж,
Шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг, мөн шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, ялыг 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих, шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тус тус тогтоож, бусад нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих болон торгох ялыг тус тус хэвээр үлдээж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн зарим шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.