Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр болжээ.
Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна.
Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны фэйсбүүк хуудаст оруулж хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулах аж. Мөн үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байна хэмээн БСШУЯ-аас мэдээллээ.