Математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн М.Өнөболдыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн М.Өнөболдыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Их Британи улсын Батт хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 116 орноос 26 дугаар байрт жагссан амжилтыг үзүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд алт, 11 дүгээр сургуулийн сурагч Эрдэнэбатын Эрдэнэбилэг мөнгө, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл, “Олонлог” сургуулийн сурагч Батсайханы Долгормаа, нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батмэнд нар хүрэл медаль хүртэж, “Олонлог” сургуулийн сурагч Амарзаяагийн Пүрэвзаяа тусгай шагнал авсан байна.

Үндэсний их баяр наадмын босгон дээр БСШУС-ын сайдын зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Нямдоржийн Баянбатыг шагнажээ.  Н.Баянбат багш нь амжилтад хүрсэн сурагчдыг бэлдсэн байна.

Мөн тус олимпиадад түрүүлж алтан медаль хүртсэн Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболдыг “Космо” компанийн захирал н.Батбаасан 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болжээ.

1959 онд Румынд болсноос хойш 60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын олимпиадад амжилттай оролцсон Монголын математикчдын багийн ахлагчаар Гомбодоржийн Баярмагнай, дэд ахлагчаар Ганцоожийн Батзаяа нар ажиллаж, хүүхдүүдээ удирдан чиглүүлжээ. Тэд өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.