“Google maps”-н заасан замаар явж байгаад осгож амиа алджээ

“Google maps”-н заасан замаар явж байгаад осгож амиа алджээ

ОХУ-ын алс дорнодын Якутск хотоос Магадан хүрэх авто зам дээр осгож нас барсан 18 настай залуугийн цогцсыг цасанд дарагдсан машин дотроос нь өчигдөр олжээ. Тус залууг долоо хоног орчим хугацаанд улс даяар эрэн хайж байсан юм.

Цогцос олдсон газар нь хүн тогтмол амьдардаг дэлхийн хамгийн хүйтэн суурин гэгддэг Оймяконы ойролцоо байжээ. Тухайн үед агаарын температур Цельсийн -50 хэм хүрснээс машиных нь радиатор хөлдсөн байна. Нас барсан залууг Google Maps үйлчилгээнд заасан замаар явсан гэж мэргэжилтнүүд тааварлаж байв. Тэгвэл саяхан Google Maps үйлчилгээ Якутскаас Магадан хүрэх замыг өөрчилж, гурван цаг илүү удаан явдаг өөр замыг хэрэглэгчдэдээ үзүүлдэг болжээ.

Өмнө нь үзүүлдэг байсан Колымийн автозам нь Зөвлөлтийн үед шоронгийн хоригдлуудын хүчээр байгуулагдсан бөгөөд олон мянган хүн энэ ажлын үеэр амиа алдсан тул хүний ясаар боссон зам хэмээн нэрлэгддэг. Оросын ихэнх жолооч нар GPS зам заах үйлчилгээндээ Google Maps-ээс илүү Yandex.Maps үйлчилгээг ашигладаг юм байна. Yandex.Maps-ийг орон нутгийн замын талаар илүү найдвартай мэдээлэлтэй гэж үздэг ажээ.

Эх сурвалж: RT