Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд би дэвшихгүй. Хотын даргын л ажлыг хийнэ

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд би дэвшихгүй. Хотын даргын л ажлыг хийнэ

Энэ сарын 18, 19-ны өдөр Ардчилсан намын Их хурал цахимаар хуралдана. Дараалсан ялагдлын учир шалтгааныг олох цаашид шинэчлэгдэх эсэхийг тодорхойлох мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хурал гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Тэгвэл тус хуралдааныг яарч, сандран цахимаар явуулах гэж буйг Ардчилсан намын лидер Э.Бат-Үүл шүүмжилж байна. Хурлаас гадна Ардчилсан намын дүрэмд оруулж буй өөрчлөлтийг ч тэрбээр эсэргүүцэж байгаа аж. Чухам тус намд ямар асуудал тулгамдсан, юуг засч, сайжруулах шаардлагатай талаар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

СОНСОХ:

-АРДЧИЛСАН НАМЫН ИХ ХУРЛЫН АРААС БӨӨН ГОМДОЛ,
ХЭРҮҮЛ БОЛОХООР БАЙНА-

-Ардчилсан намын Их хурал энэ сарын 18-ны өдөр цахимаар хуралдах тов зарлалаа. Үүнээс өмнө Үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан. Дүрмийн өөрчлөлтийг боловсруулахдаа таны саналыг сонссон уу?

-Ардчилсан нам дүрмээсээ болж ялагдаагүй юм. Манай нам дотоод өргөн ардчилалтай, шийдвэр гаргахад гишүүдийн оролцоог сайн хангадгаараа МАН-аас ялгардаг. Ийм ч дүрэмтэй. Гэтэл дүрмээсээ болж ялагдсан юм шиг буруу ойлголтоор дүрмээ өөрчлөх тухай яриад явчихсан. Энэ их сайнгүй зүйл болсон. За яахав, нэгэнт дүрмээсээ болж гэж үзээд өөрчлөх гэж буй бол миний зүгээс хэдэн санал хэлье гээд хэлсэн.

-Тухайлбал?

  • Нэгдүгээрт, Намын даргын сунгааг хэвээр үлдээх хэрэгтэй шүү гэж хэлсэн. Намын гишүүдийн оролцоог хангаж байж гаргадаг чухал шийдвэр юм. Хэнийг намын дарга болгохыг олон мянган гишүүдээсээ асуух ёстой.
  • Хоёрдугаарт, Намын анхан шатны зохион байгуулалтыг бүх шатны сонгуулийн бүтцийн дагуу өөрчлөөч гэсэн саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн суурь тогтолцооны дагуу уялдуулж өөрчлөх хэрэгтэй гэж хэлсэн юм.
  • Гуравдугаарт, Намын улс төрийн бодлогыг тодорхойлдог Үндэсний бодлогын хорооны хуралдааныг УИХ-ын намар, хаврын чуулганы өмнө хуралдуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл дуртай үедээ биш намар, хаврын чуулганы өмнө тогтмол хуралдуулдаг байхыг санал болгосон. Чуулганы хугацаанд Ардчилсан нам ямар байр, суурийг илэрхийлэхийг тус хурлаар ярьдаг байх ёстой гэсэн.
  • Дөрөвдүгээрт, Намын Их хурал дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай тогтвортой байгууллага байх ёстой. Гэхдээ жилд нэг удаа заавал хуралдах ёстой гэдэг саналыг гаргасан.
  • Тавдугаарт, Намын залуу боловсон хүчин, шат, шатны хурал болон улс төрийн албан тушаалд ажиллах залуусын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой гэж хэлсэн. Боловсролд нь анхаарахын тулд академи, хүрээлэнтэй байх ёстой. Ер нь боловсрол төвтэй улс төр рүү шилжүүлэх ёстой юм. Тэгэхгүй бол албан тушаал, ашиг сонирхлын төвтэй улс төртэй болчхоод байна шүү дээ. Миний хувьд дээрх таван саналыг гаргасан. Бусад саналыг Их хурлын төлөөлөгчийн хувиар хэлнээ.

-Таны гаргасан энэхүү таван саналыг нам тань хүлээж авч төсөлдөө оруулсан уу?

-Намын даргын сунгаатай холбоотой саналыг хүлээж авахгүй юм байна. Бусад саналыг нь хүлээж авсан эсэх талаар тодорхой хариу өгөөгүй байгаа. Харин намын залуучуудын боловсролыг дэмжих ёстой гэдгийг дүрэмдээ оруулж байгаа гэсэн. Намын дэргэд улс төрийн боловсролын хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

-Намын даргыг нийт гишүүдээсээ бус Намын их хурлын төлөөлөгчдөөс сонгох хувилбарыг дүрэмдээ оруулсан?

-Нэг буруу ойлголт байна. Сунгаанаас болж нам хагарлаа гэж ярьж байна. Гэтэл нам хагарахдаа хүрвэл Их хурлаас намын даргыг сонгодог байсан ч хагарна. Мөн сунгааны үед ч хагарна. Их хурлаар намын даргыг сонгох үед хагарвал тогтворгүй байдлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг хүмүүс Их хурлаа хуралдуулахыг шаардаад намын даргаа солино гээд явчихдаг. Их хурлаас намын даргыг сонгодог байх үетэй холбоотой гашуун их туршлага бидэнд бий шүү дээ. Сунгаагаар бол намын даргын бүрэн эрх дөрвөн жилээр баталгаатай байдаг юм.Тэгэхээр хагарлыг болиулах тоглоомын дүрмээ сайжруулах ёстой. Их хурал ч хагарлыг болиулж чадахгүй шүү дээ.

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор хөл, хорио тогтоосон үед Их хурлаа яаран цахимаар хийж байх шиг байна. Хөл, хорио суларсан үед буюу хавраас Их хурлынхаа гишүүдийг цуглуулаад хуралдвал илүү үр дүн гарах болов уу. Энэ талаар таны байр, суурийг сонсмоор байна?

-Давчуугаар барах уу. Би нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. Намын Их хурлыг цахимаар хийх нь дүрмээрээ боломжгүй санагдаад байна. Намын Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгож, мандаттай төлөөлөгчид ирж саналаа хэлдэг. Намын Их хурал бол үндсэн гол шийдвэрүүдээ гаргадаг намын дээд байгууллага юм. Гэтэл 1200 төлөөлөгч онлайнаар яаж хуралдахыг ойлгохгүй байна. Яаж саналаа хураах юм.

-Төлөөлөгчдийн оролцоог бүрэн хангаж чадах уу?

-Чадахгүй. Үүнээс болж намын Их хурал эрх зүйн чадамжгүй хуралдчих вий гэж санаа зовоод байна. Их хурлын араас гишүүдийн бөөн гомдол, хэрүүл маргаан болбол яана. Их хурлын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй “Ийм хурал гэж юу байдаг юм” гэвэл яах вэ. Их хурлын дүрэм, журам бий шүү дээ. Гэтэл тэр дүрэм, журмаа зөрчөөд онлайнаар хуралдах гэж байна. Тэр дүрэм журам нь яах юм. Яачхаад онлайнаар хуралдах юм. Олон л асуудал гарч ирж байна даа. Тухайлбал, хавар хийж болно шүү дээ.

-МАНАЙ НАМ ЭРХ БАРИГЧДААР ТОГЛУУЛАХ ЭРСДЭЛ РҮҮ 
ЯАГААД ОРЖ БАЙГААГ БИ ОЙЛГООГҮЙ-

-Их хурлаа яаран хийж буй шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу?  

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бол хавар хийхэд болно шүү дээ. Ерөөс сонгуулийн хуулиндаа нийцүүлээд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Тэгэхээр хавар хуралдаж болно шүү дээ. Хуулинд нийцүүлэн нэр дэвшүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг чинь хууль ёсных эсэх асуудал хөндөгдөнө шүү дээ аюул нь. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын нэр дэвшигч хууль ёсных биш болчихлоо гээд нэг хэсэг нөхөд яривал яана. Энэ бол сонгуулийн өмнө маш аюултай байдлыг үүсгэнэ. Манай С.Эрдэнээ дарга “Ийм Их хурал гэж юу байсан юм бэ” гээд хэлээд байна шүү дээ. Хэрвээ энэ байдлаар заргалдаад явчихвал Ардчилсан нам нэр дэвшигчээ дэвшүүлж чадах уу, үгүй юу гэдэгтээ хүрнэ.

-Нэг хүн Ардчилсан намыг өөртөө ашигтайгаар өөрчлөх гээд байна уу гэх хардлага олон хүнд байх шиг байна?

-Нэг хүн тэгэж сонирхож болно. Гэтэл улс төрийн амьдрал нэг хүний бодлоор шийдэгддэггүй юм. Бусад амьд хүмүүс байна биз дээ. Тэр амьд хүмүүс “Дүрмийн бус” гэж ярьж эхэлбэл асуудал үүснэ шүү дээ. Ингээд нам дотроо бөөн гомдол, өргөдөлтэй тэр нь давж яваад шүүх, сонгуулийн хороо руу очиж улс төрийн сонгуульд оролцох боломжгүй болговол яах вэ. Эрх баригчдаар тоглуулах аюултай. Ийм эрсдэл рүү яагаад орж байгааг би ойлгоогүй.

-Таны бодлоор Ардчилсан нам дотоод ардчиллаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадах болов уу?

-Намд нэг аюул тулгараад байна. Нэг хүн, нэг хэсэг хүн ашиг сонирхолдоо нийцүүлээд намын дүрмээ дураараа өөрчиллөө гэж бодъё. Гэтэл нөгөө талд дүрмийн бус гэж эсэргүүцэх баахан хүн гараад ирвэл яах уу. Олон мянган гишүүнтэй нам хэсэг бүлэг хүний сонирхолд нийцээд явчихна гэж үгүй шүү дээ.

Гомдол гаргах өчнөөн хүн бий. Ингээд нам сонгуулиас өмнө дүрмээсээ болоод хагаралд орчихно байна шүү дээ.

Хагарал гүнзгийрч хууль зүйн маргаан болбол яах вэ. Ийм үйл, явдал өмнө нь болж байсан. Бидэнд гашуун туршлага бий. Хагаралгүй байхад хагаралдуулах шалтаг гаргаж ирж байна шүү дээ. Үүнийгээ л ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хариуцлагатай үе шүү.

-Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд таны нэр байна лээ. Таньд тийм сонирхол байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх сонирхолгүй.

Намайг нэр дэвшүүлэх тухай яриа Хотын даргаар ажиллаж байх үеэс гарсан. Харин би тухай бүрт нь уйгагүй байр, сууриа илэрхийлж ирсэн.

Тухайлбал, “Залуу хүмүүс улс төрд ажиллах цаг болсон. Өөрсдөө ардчиллынхаа зарчмыг хамгаалах цаг ирсэн. Залуус хатууж, хүчирхэг, зоригтой бай. Юмны урдуур, хойгуур явдгаа боль” гэж хэлдэг шүү дээ.  Би ажил хийх юм бол Хотын даргын л ажлыг хийнэ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН НЭР ДЭВШИХ ЭСЭХ ХУУЛИЙН МАРГААН ДЭЭР АН ДҮРМИЙН ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА УУ ГЭДЭГ АСУУДЛЫГ НЭМЖ БАЙНА-

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжтой, боломжгүй гэх маргаан өрнөж байна. Энэ талаар таны байр, суурийг сонсмоор байна?

-Хууль зүйн хувьд маргаантай байна. Үндсэн хууль өөрчлөх нэрээр одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших асуудлыг эрсдэлд оруулчихлаа гэж хамгийн анх би дуугарсан. Зандаахүүгийн Энхболдыг яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж хэлж байсан. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийг төлөөлж З.Энхболд оролцсон. Энэ асуудал одоо тавигдана. Ерөнхийлөгчид Ардчилсан намаас оролцох асуудлыг илүү л төвөгтэй болгоод байна шүү дээ. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломж бий эсэхээр хууль зүйн маргаан өрнөсөн дээр Ардчилсан нам дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг асуудлыг нэмчихлээ.

Уг нь манай намын сунгаа сонгуулийн өмнөх маш том хээрийн сургалт байсан юм. Гишүүд сунгааны үеэр идэвхжиж хээрийн сургуулиа хийчихээд жигдэрч сонгууль руу ордог байсан юм. Сунгааныхаа хүчээр бид ялдаг байсан.

Өнөөдөр МАН мөнгөтэй, эрх мэдэлтэй, маш хүчирхэг байна. Гэтэл бид МАН-ын хуулбар болчих юм бол энэ намтай өрсөлдөж чадахгүй шүү дээ. Хэзээ хүн хуулбарыг нь дагаж байсан юм. Хүн сонгохдоо тулбал хоёр ижил юмны оригналийг нь сонгодог биз дээ. Гэтэл энэ дүрмээр МАН-ын хуулбар болох гээд байна. Үүнд л би хамгийн ихээр санаа зовж байна. МАН-аас ялгардаг дүр, төрх байхгүй болно. Бид нар хэрэлддэг л байсан. Хэрэлдсэн ч ард түмэн сонгодог л байсан. Сунгаа гэх үлэмж, далайцтай үйл ажиллагааныхаа хүчээр бид хэд, хэдэн сонгуульд ялсан. МАН-ын улс төрийг МАН л хийж чадна. Ардчилсан нам хэзээ ч хийж чадахгүй. Эсрэгээрээ Ардчилсан нам ардчилсан байж л ардчилсан улс төр хийнэ. Сунгаанд асуудал бий бол журмаа өөрчлөхөд л болно шүү дээ. МАН-ын хуулбар болбол тэдний дээр хэзээ ч гарч чадахгүй. Бид ялгарах ёстой юм. Яг үнэнийг хэлэхэд өмнөх сонгуулиар  нэг л том алдаа гарсан гэдгийг үнэн, мөнөөр нь ойлгох хэрэгтэй.

-Ямар алдаа гаргасан билээ?

-Орон нутгийн анхан шатны байгууллагууд буюу аймаг, нийслэл, дүүргийн хороод нь УИХ-д нэр дэвшүүлэх хүнээ тодорхой болгох ёстой байсан. Тийм үедээ бид ялдаг байсан. Сэлэнгэ аймагт хэн нэр дэвшвэл ялах магадлалтайг энэ аймгийн намын хорооны гишүүд мэднэ биз дээ. Түүнээс Улаанбаатарын гишүүд мэдэхгүй. Түүнээс сунгаанаас болж ялагдсан юм биш.

-ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙСАН. БИД АРДЧИЛАЛТАЙГАА ХАМТ АРЧУУЛАХАД ОЙРХОН БАЙНА ШҮҮ-

-Ардчилсан нам нэг л хүний нам болох гээд байгаа юм биш үү дээ?

-Одоо янз бүрийн таамаг дэвшүүлмээргүй байна. Нэг, хоёр хүн байна уу, хорин хүн байна уу хамаагүй. Би нэг л зүйлийг хэлье. Макро улс төрийн түвшинд нь харвал Ардчилсан нам өөрөө, өөрийгөө маш олон зөрчилтэй асуудал руу түлхэж оруулах гэж байна. Нэр дэвшигчийнх нь хууль зүйн асуудал тавигдах гэж байна. Мөн намын дүрмийн бус эсэх асуудал тавигдах гэж байна. Дүрэм өөрчлөх гэж байгаа нь энэ гээд хагарал руу явах гэж байна шүү дээ. Энэ нь МАН-д л ашигтай шүү дээ. Миний санаа зовж буй нэг зүйл байна. Хүмүүс ойлгохгүй байна. МАН дарангуйлал руу явчихсан шүү. Дарангуйлал тогтоох шилжилтийг хийж байгаа шүү. Улс төрийн шинжлэх ухаан мэддэг хэн ч үүнийг хэлнэ.

-Сэтгүүлчид дарга нарыг шүүмжилбэл Эрүүгийн хуулиар шийтгэгдэхээр болж буй нь сүүлийн жишээ юм?

-Эрх баригчдыг шүүмжилбэл эрүүгийн гэмт хэрэгтэн болох гэж байна. Хувийн хэвшлийнхэн чөлөөт зах, зээлийн үйл ажиллагаа явуулах юм бол эрүүгийн гэмт хэрэгтэн болох гэж байна. Шүүхийн хараат байдлыг болиулна гэж ярьж байгаа ч хараат байдлыг бүр батжуулж МАН-ын шүүхтэй болох гэж байна. Дарангуйлалруу тайван замаар шилжиж байна. Яг үнэнийг хэлэхэд, Монголд ардчилал үнэт зүйлийн хувьд тогтоод байгаа юм биш. Ардчилсан нам бий учраас тогтоод байна.

Нэг намын улс төрийн монополь эрх тогтохгүй байгаа учраас ардчилал тогтоод байна. Ардчилсан нам үгүй болбол Монголд ардчилал дуусна. Өөрөөр хэлбэл, улс төрд хүчний тэнцвэр тогтоох өөр улс төрийн хүчин гарч чадахгүй.

Энэ улс төрийн хүчний тэнцвэр дээр Монголын ардчилал тогтож байгаа юм. Юун хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, шүүх хараат бус байдал.  Нээлттэй парламентгүй болсон. Ерөнхий сайд, намын даргад парламентын бүх эрх мэдэл шилжсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод Үндсэн хуульд ганцхан заалт нэмэхэд л гүйцээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилно гэхэд л дуусаа. Парламентын бүр эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлсэн. Ерөнхий сайдыг хэн томилно тэр бүгдийг атгана. Тэр үед Монголд хуучин нийгэм тогтоно. Ийм үе шүү дээ. Бид тэнэг, хагарсан байж болно. Ардчилсан нам сүйрвэл ардчилал сүйрнэ. Ардчилалын төлөө явсан бүх хүн аюулд орно. Үүнийг л ойлго.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “14” нийтлэлийг уншсан байх?

-Дарангуйлагч бүгдийг нь мөрдөн мөшгөж үр хүүхэдтэй нь гудамжинд гаргана. Нийгмийн оролцоог нь дахиж хангахгүй. Ардчилсан үзэлтэйг арьс өнгөөр ялгаварладаг шиг ялгаварлана. Ийм энгийн юм ойлгож болно шүү дээ. Яагаад гэвэл, дарангуйлагчдад өршөөл гэж үгүй юм. Ардчиллын төлөө тэмцэж явсан олон хүн үгүйрнэ. Миний гол үнэхээр харлаж байна. Бидэнд янз бүрийн л тооцоо бий. Урьд, хойчийн гомдол бий. Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга хариуцлагагүй байсан. Гэхдээ одоо бид юун Х.Баттулгатай манатай. Бид эвлэлдэн нэгдэхгүй бол ардчилалтайгаа цуг арчуулах нь. Уучлаарай, Монголд Орос, Турк, Хятадад тогтсон дэглэм тогтох гэж байна. Ийм дэглэм нэгэнт тогтвол дараа нь толгойгоо шаагаад ч нэмэргүй. Юу ч эргэж, буцахгүй өнгөрнө.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө