Франц улс коронавирусийн фронт дээр ажиллаж буй цагаач иргэдийн хөдөлмөрийг үнэлж иргэншил олгож эхлэв

Франц улс коронавирусийн фронт дээр ажиллаж буй цагаач иргэдийн хөдөлмөрийг үнэлж иргэншил олгож эхлэв

Франц улс коронавирусийн “фронт” дээр ажиллаж буй цагаач иргэдийн хөдөлмөрийг үнэлж иргэншил олгохоор болжээ. Засгийн газраас гаргасан уг шийдвэрийн дагуу 700 гаруй цагаач иргэн Францын иргэншилтэй болох аж. Уг 700 хүний тоонд сувилагч, дэлгүүрийн худалдагч, эмийн үйлдвэрийн ажилтнууд, эмнэлгийн үйлчлэгч, цэвэрлэгч, хүүхэд асрагчид гэх мэт эрсдэлтэй газар ажиллаж буй орон орны цагаачид багтжээ. 

Иргэншлийн талаарх санаачилгыг өнгөрсөн 9-р сард анх зарласан юм. Шийдвэр гарсны дараа дөрвөн хүнд л Франц улсын паспорт олгосон бол одоо 696 хүнд паспорт олгох асуудал сүүлийн шатандаа явж байгаа юм байна.

Францын Иргэний асуудал эрхэлсэн сайд Марлен Шиаппа “Эрүүл мэндийн салбарын ажилчид, цэвэрлэгчид, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид, кассын ажилчид…Тэд бүгдээрээ үндэстнийхээ төлөө тууштай байгаагаа нотолсон. Харин одоо бүгд найрамдах улс тэдний төлөө байх ээлж ирлээ” гэжээ. Гэхдээ иргэншил авахын тулд тухайн иргэн Францад хоёр жил ажилласан байх ёстой аж. 

2017 онд Францын цагаач иргэдийн тоо 6.4 сая байсан бөгөөд үүн дотор Африкийн орнуудын иргэд ихэнх хувийг эзэлж байжээ. Франц улс коронавирусийн халдварт хамгийн ихээр нэрвэгдсэн дэлхийн 10 орны тоонд багтсан бөгөөд одоогоор халдварын 2.5 сая гаруй тохиолдол батлагдаж, 62 мянга орчим хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC