CHARITE: Навальныйн эрүүл мэндийн байдал хордохоосоо өмнө сайн байсны ачаар тэр хурдан эдгэсэн

CHARITE: Навальныйн эрүүл мэндийн байдал хордохоосоо өмнө сайн байсны ачаар тэр хурдан эдгэсэн

Берлиний Шарите эмнэлэг Алексей Навальныйн хордсоны дараах биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Lancet шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Энэ тайландаа Навальныйг холинэстеразын ингибитороор хордуулсан гэж дахин баталсан байна.

Шарите эмнэлэгт хийсэн цус, шээсний шинжилгээгээр Омскийн эмч нар өвчтөнд атропин болон өөр хэд хэдэн эм өгсөнийг батласан байна. Мөн Германы эмч нар Навальный хордохоос өмнө эрүүл мэндийн байдал нь сайн байсны ачаар эмчлэгдэж тэнхэрч чадсан гэж үзэж байгаа гэнэ.

"Шарите эмнэлэгт өвчтөн хүргэгдсэн даруйд авсан цусны дээжээс "Новичок" бүлгийн фосфор органик мэдрэл саармагжуулах бодисыг Химийн зэвсгийг хориглох байгууллагаас томилогдсон Германы Зэвсэгт хүчний лаборатори илрүүлсэн гэж хоёр долоо хоногийн дараа Германы Засгийн газар мэдэгдсэн" хэмээн уг нийтлэлд онцолсон байна.

Навальныйг эмчилсэн тухай тайланг дээрх сэтгүүлийн хүсэлтээр, улс төрч Навальныйн зөвшөөрөлтэйгээр нийтэлсэн байна. Эмнэлзүйн тайланд өвчтөнийг Герман руу тээвэрлэх болон тээвэрлэсний дараах үе, түүнчлэн Омск хотын эмнэлэгт Германы эмч очих үеийн биеийн байдлыг тусгажээ. Энэ бүх хугацаанд Навальныйн зүрхний цохилт удааширсан, гүн комд байсан юм.

Эмч нарын тайланд өгүүлснээр, Навальныйд шүлс, хөлс ихээр ялгарах комын байдал, амьсгалын дутмагшил, нүүрстөрөгчийн солилцооны алдагдал зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан гэнэ. Навальный хордсоноосоо хойш 12 дахь өдрөө л өөрөө бие даан амьсгалж эхэлсэн бол 24 дэх өдөр нь түүнээс уушгины хиймэл амьсгалын аппаратыг салгасан байна. Улмаар 55 дахь өдөр гар салгалах, хөдөлгөөний эрхтнүүдийн удаашрал зэрэг шинж тэмдгүүд арилжээ.