БНХАУ ирэх оны эхний өдрөөс улс даяар хуванцар соруулын хэрэглээг хориглоно

БНХАУ ирэх оны эхний өдрөөс улс даяар хуванцар соруулын хэрэглээг хориглоно

БНХАУ-д өнгөрсөн онд 46 тэрбум ширхэг буюу 30 мянган тонн хуванцар соруул хэрэглэсэн гэж “iMedia Research” мэдээлжээ. Хүмүүсийн хэдхэн минутад хэрэглээд хаядаг хуванцар соруул задрахдаа 500 жилийн хугацаа зарцуулдаг. Иймээс Хятад улс энэ оны эцсээс нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг улс даяар хориглохоор болжээ. 

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хуванцар соруулыг хориглох гэж буйтай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал нь цаасан соруулын эрэлтээс үүдэлтэй үнийн нэмэгдэл юм.

Ийм соруул нь хуванцар соруулаас тав дахин өндөр үнэтэй байдаг. Тиймээс үнийн хэт хөөрөгдөл үүсгэхгүй байх зохицуулалтыг ч хийх гэнэ. 

Тодруулбал, Хятадын зүүн нутгийн Жянсу мужийн Уши хот дахь “Duoxixi” үйлдвэрийн амархан задардаг соруулын захиалга сүүлийн үед хоёр дахин нэмэгджээ. Уг үйлдвэрийн мэдээлснээр, өнгөрсөн сард 1000 гаруй хэрэглэгч цаасан соруул захиалсан бөгөөд үнэ нь 20 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор “Duoxixi” компани амархан задардаг шинэ төрлийн материалаар соруул хийх шийдлийг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал тус компани буудай, зэгс зэрэг ургамлаар соруул хийх ажлын туршилтыг эхлүүлээд байгаа гэнэ.  

Эх сурвалж: CGTN