Хакерууд гоо сайхны үйлчилгээ авсан иргэдийн мэдээллийг барьцаалан мөнгө нэхжээ

Хакерууд гоо сайхны үйлчилгээ авсан иргэдийн мэдээллийг барьцаалан мөнгө нэхжээ

Алдартай хүмүүст үйлчилдэг Их Британийн “The Hospital Group” гэх гоо сайхны эмнэлэг хакеруудын халдлагад өртсөн талаар BBC агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, REvil нэртэй хакерын бүлэг эмнэлгийн мэдээллийн санд халдаж, 900 GBT орчим хэмжээтэй зурагнуудыг эмнэлгийн дотоод сүлжээнээс хулгайлан, хакерууд их хэмжээний мөнгө нэхсэн байна.  Хэрвээ нэхсэн мөнгийг нь төлөхгүй бол гэрэл зурагнуудыг нийтэд тараана гэж сүрдүүлсэн бөгөөд алдагдсан зурагнууд нь үйлчлүүлэгчдийн мэс засал хийлгэхийн “Өмнөх ба Дараах” байдлыг харуулсан нууц мэдээлэлд тооцогдож байгаа аж.

Их Британийн “The Hospital Group” эмнэлэг  нь нийт 11 эмнэлгээрээ дамжуулан мэс заслаар жин хасах, хөх томруулах, хөхний товчны хэлбэр засах, хамарны хэлбэр засах зэрэг чиглэлд ажилладаг юм байна. Тус компани мэдээлэл алдсанаа хүлээн зөвшөөрч, энэ тухай засгийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд мэдэгджээ. Мөн өөрийн үйлчлүүлэгчидтэй холбоо барьж, болсон явдлын талаар дуулгасан гэнэ.

“Emsisoft” кибер аюулгүй байдлын компанийн тооцоолсноор хакерууд ийм аргаар 2020 онд нийт $25 тэрбумыг олдог гэсэн тооцоо гарсан бөгөөд дээрх халдлагыг үйлдсэн REvil нь алдартай ransomware бүлгүүдийн нэг юм. Тэдний томоохон хохирогчдын нэг нь мөнгө гуйвуулгын “Travelex” компани болж байжээ.