БНСУ-д коронавирусийн шинэ хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д коронавирусийн шинэ хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ

Их Британи улсад анх илэрч байсан COVID-19-ийн шинэ хувилбарын анхны тохиолдол БНСУ-д бүртгэгдлээ. Тодруулбал, Их Британиас ирсэн гурван хүнээс зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Улмаар Их Британиас гэр бүлээрээ ирсэн өөр дөрвөн хүнийг шинжилгээнд хамруулж тусгаарласан бөгөөд хариу нь гараагүй байгаа аж. 

Коронавирусийн шинэ хувилбарыг эрдэмтэд тархах чадвар буюу хүнээс хүнд халдварлах нь илүү хурдан хэмээн таамаглаж буй. Хувьссан вирус нь 70 хувиар илүү хурдан халдварладаг гэсэн судалгаа байгаа ч бусад шинж тэмдгийн талаар тодорхой судалгаа шинжилгээ одоохондоо гараагүй байна. 

Шинэ хувилбар одоогоор найман оронд илрээд байгаа. Иймээс ОХУ-ыг оруулаад хэд хэдэн орон Их Британийн нислэгээ зогсоосон. Харин БНСУ-ын хувьд 12 дугаар сарын 23-наас нислэгээ зогсоож, тус улсаас ирсэн коронавирусийн халдвартай бүх хүний сорьцод генетикийн шинжилгээ хийж эхэлсэн. Гэсэн ч Их Британиас гуравдагч орнуудаар дамжин БНСУ-д очих боломжтой байгаа тул шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа юм. 

Эх сурвалж: Koreatimes