Санта Клаус нэгэн асрамжийн газарт зочилсны дараа 160 орчим хүн халдвар авч, 18 хүн нас баржээ

Санта Клаус нэгэн асрамжийн газарт зочилсны дараа 160 орчим хүн халдвар авч, 18 хүн нас баржээ

Бельги улсын нэгэн асрамжийн газарт сайн дурын Санта Клаус зочилсны дараа 160 орчим хүн коронавирусийн халдвар авснаас 18 нь нас баржээ.

Тодруулбал, Бельгийн Антверп хотоос зүүн зүгт 50 км зайд оршдог Мол хэмээх жижиг хотын Хемелрик ахмадын асрамжийн газарт энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна. Нийт 169 үйлчлүүлэгчтэй энэ газарт халдвар хурдтай тарж, 121 өндөр настан, 36 ажилтныг өвчлүүлжээ. Тэдгээрээс 18 нь гурван долоо хоногийн дотор нас барсан байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Мол хотын нэг иргэн сайн дурын үндсэн дээр Санта Клаусын дүрд хувираад асрамжийн газарт зочилж, өндөр настнуудад зул сарын мэндчилгээ хүргэсэн ажээ.

Хөл хорионы улмаас ахмадуудыг гэр бүлийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа энэ үед сайн дурын Санта Клаусыг дагалдагчдынх нь хамт халдвар хамгаалалтын дэглэм сахиулалгүй нэвтрүүлсэнд хотын иргэд бухимдаж байгаа ажээ. Санта Клаусын дүрд тоглосон иргэнийг сошиал орчинд элдвээр доромжлох, дарамтлах явдал нэмэгдсэн байна. Лабораторийн шинжилгээний үр дүнд асрамжийн газрын голомтоос коронавирусийн дөрвөн төрлийг илрүүлсний нэг нь хамгийн олон хүнд халдварласныг илрүүлжээ. Эндээс Санта Клаус гол халдвар тараагч болсныг тогтоосон байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө