ТАНИЛЦ: Хүний эрх зөрчсөн иргэнийг бусад орон руу зорчих эрхийг нь хязгаарлах Европын холбооны журам

ТАНИЛЦ: Хүний эрх зөрчсөн иргэнийг бусад орон руу зорчих эрхийг нь хязгаарлах Европын холбооны журам

Европын Холбооны Зөвлөл “Хүний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн этгээд, иргэний эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авах” журмыг баталжээ. Шинэ хоригийн дагуу хүний эрхийг ноцтой зөрчсөн иргэний бусад орон руу зорчих эрхийг хязгаарлаж, гадаадын оронд буй хөрөнгийг нь царцаах, битүүмжлэх, гадаадын компаниудаас бизнесийн чиглэлээр авах хөрөнгө оруулалтыг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээг авах юм.

Европын Холбоо /ЕХ/-оос баталсан баримт бичигт энэ тухай

  • Хүний эрхийг зөрчсөн хүмүүсийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нэвтрэх, дамжин өнгөрөхийг хориглох,
  • Хүний эрх зөрчсөн хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах, өмчлөх, эзэмших, хянах хөрөнгө, эдийн засгийн нөөцийг царцаах,
  • ЕХ-ны гишүүн орны хувь хүн, аж ахуйн нэгжээс хөрөнгө оруулалт авах эрхийг хязгаарлах гэжээ. 

-ЭНЭ ТӨРЛИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ МӨРДДӨГ УЛС ОРНУУД-

Гэхдээ энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг зөрчсөн хүмүүст чиглэсэн анхны хориг арга хэмжээ биш юм. Өмнө нь 2016 онд АНУ-д “Дэлхийн Магнитскийн хүний ​​эрхийн хариуцлагын тухай хууль”-д дэлхийн аль оронд байгаагаас үл хамааран хүний эрхийг зөрчсөн этгээдэд чиглэсэн хориг арга хэмжээ авахыг зөвшөөрөх талаар заасан байдаг. Түүнчлэн Их Британи тэргүүтэй Европын хэд хэдэн орон энэ төрлийн журмыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тодруулбал, Канад, Эстон, Латви, Литв зэрэг орнууд үүнтэй адил төстэй хориг арга хэмжээ авч эхэлжээ.

Их Британийн хувьд энэ оны долдугаар сараас эхлэн “Дэлхийн хүний эрхийн хориг арга хэмжээний тухай журам” буюу "хүний эрхийг ноцтой зөрчсөн" гэж тогтоосон хүмүүст хилийн чанад руу зорчих, хөрөнгийг нь битүүмжлэх хууль баталсан. 

Одоогоор Орос, Саудын Араб, Мьянмар, Хойд Солонгост зэрэг орнууд мөн үүнтэй адил хуулийн төслийг батлахаар хэлэлцэж байгаа юм байна. Мөн Австрали улс хүний эрхийг зөрчсөн, мөн авлигын хэрэгт холбогдсон хүмүүст ч энэ төрлийн арга хэмжээг авах талаар хуулийн төсөл боловсруулж буй.

-ХҮНИЙ ЭРХИЙН ЭСРЭГ НОЦТОЙ ЗӨРЧИЛД ЯМАР ҮЙЛДЛҮҮДИЙГ ХАМААРУУЛАН ТООЦОХ ВЭ-

Европын Холбооны 1998 онд баталсан журамд зааснаар хүний эрхийн ноцтой зөрчилд “геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, эрүүдэн шүүх, боолчлол, шүүхээс гадуур дур мэдэн цаазлах, алах, албадан хорих, дур мэдэн баривчлах, хорих” гэсэн байдаг. Шинэ хориг арга хэмжээний хүрээнд/Европын Холбооны гэрээний 21-р зүйлд зааснаар/ системчилсэн болон ноцтой анхаарал татсан бусад хүний эрхийн зөрчлүүдийг нэмжээ. Тухайлбал хүний наймаа, бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрх чөлөөг зөрчих, урвуулан ашиглах /тайван жагсаал зохион байгуулах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шашин шүтэх, итгэл үнэмшлийн эрх чөлөө/ зэргийг оруулсан байна. 

Европын Холбооны гишүүн орнууд журмыг хэрэгжүүлэхийн тулд эрх бүхий албан ёсны  байгууллагыг томилох юм байна. Томилогдсон эрх бүхий байгууллага тухайн хүний үйлдлийг дээрх ангилалуудад багтаж буй эсэхийг тогтоож, жагсаалтыг гаргаж ажиллах гэнэ. 

ЕХ-ноос хүний эрхийн зөрчлийн эсрэг ийм хориг арга хэмжээ авч буй нь газарзүйн  өөрчлөлт/дэлхийн аль оронд байгаагаас үл хамааран/-д хязгаарлагдахгүйгээр хүний эрхийн зөрчлийг “онилох” боломжтой болох тун чухал үйл явдал гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь хориг батлагдсанаар дэлхий даяар хүний эрхийг зөрчлийн эсрэг үйл ажиллагаа хэрэгжих боломж нээгдэж байгаа юм. 

Эх сурвалж: EU, Nortonrosefulbright