Элэгний үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд 8325 иргэн хамрагджээ

Элэгний үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд 8325 иргэн хамрагджээ

Дэлхийн Хепатитийн эсрэг өдрийг тохиолдуулан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч баасан гарагт буюу долдугаар сарын 26-нд Төв талбайд элэгний үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо зохион байгуулсан.

“Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” уриатай эл өдөрлөгт ирсэн иргэдээс В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн үнэ төлбөргүй хамрагдсан бол 530 хүнд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ 50 хувийн хөнгөлөлттэй хийлгэх эрхийн бичиг олгожээ. Үзлэг, шинжилгээ болон оношилгоонд нийт 8325 иргэд хамрагдаж, 600 гаруй иргэн шинээр эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.

Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох 5940 ширхэг хэвлэл материал тараасан байна.

Манай орон 100 мянган хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн 10 жилд  элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна. Түүнчлэн 2016 онд  элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлсэн дүн гарчээ.   
 
Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирусын халдвартай бөгөөд үүнээс В вирус 80 мянга, В, Д вирус 120 мянга, С вирусын халдвартай 200 мянган хүн байна.
 
Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн билээ. 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө