Жагсаалд оролцсон ОХУ-ын иргэд Монголчуудад "атаархав" уу

Жагсаалд оролцсон ОХУ-ын иргэд Монголчуудад "атаархав" уу

ОХУ-ын улсын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Германаас эх орондоо ирсэн билээ. Тэрээр 2020 оны наймдугаар сард Зөвлөлтийн үеийн "новичок" хэмээх хороор хордож, ХБНГУ-д эмчлэгдэж байгаад таван сарын дараа ОХУ-д ирсэн нь энэ юм.

Гэсэн ч түүнийг онгоцноос буусан даруй баривчилж, 30 хоног таслан сэргийлэхээр болсон. Үүнийг эсэргүүцсэн олон мянган иргэн өнгөрсөн бямба гарагт/2021.01.23/ОХУ-ын хэд хэдэн хотод цуглан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болж өнгөрлөө. 

“Путины Ордон” видео бичлэг жагсаалын эхлэл болов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гэх Хар тэнгис дээрх Ордон

А.Навальныйг эх орондоо ирснээс хоёр хоногийн дараа түүний намын нөхөд Ерөнхийлөгч В.Путины Хар тэнгис дээрх ордонг харуулсан видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан юм. Тус бичлэгт өгүүлж буйгаар 1.4 тэрбум долларын өртөг бүхий уг ордонг Ерөнхийлөгч авилга авсан хөрөнгөөрөө барьсан бөгөөд байшингийн доторх засал чимэглэл, тавилгын үнэ өртөг зэргийг нэг бүрчлэн тайлбарласан байсан юм. Бичлэг цацагдсан даруйд В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үгүйсгэж, "Ерөнхийлөгчид ямар ч орд харш байхгүй" хэмээн мэдэгдсэн ч "youtube" сувагт аль хэдийн 54 сая хүн уг бичлэгийг үзэж, шударга ёсыг нэхсэн нь жагсаалын эхлэл болсон гэж хэлж болно.

ОХУ-ын хэвлэлүүд жагсаалын талаар яагаад шууд дамжуулсангүй вэ

Жагсаалд 20 орчим насны залуус өргөнөөр оролцжээ

23-ны өдөр эхэлсэн жагсаалын талаар ОХУ-ын гол хэвлэлүүд шууд дамжуулаагүйд иргэд ихээхэн бухимдалтай байгаа аж. Учир нь Москвад болсон жагсаалын үеэр цагдаа нар энгийн иргэдтэй мөргөлдөж, 1200 гаруй иргэнийг баривчилсан. Ингэхдээ хүч хэрэглэсний улмаас олон тооны хүнийг гэмтээсэн юм. Хэрэв жагсаал цуглааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулбал, иргэдийг өдөөн турхирах, уриалан дуудах эрсдэлтэй гэж үзсэн талаар зарим телевиз цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Гэсэн ч энэ нь ОХУ-ын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдагтай холбоотой юм. Харин үймээн самууны бодит байдлыг цөөн хэдэн мэдээллийн сайт болон эрэн сурвалжлах чиглэлээр нийтэлдэг сувгууд шууд дамжуулж байжээ. 

Жагсаалд чухам хэдэн хүн оролцов

Жагсаалд чухам хэдэн хүн оролцсон талаар ОХУ-ын хэвлэлүүд тун "даруухан" тоо бичиж байлаа. Харин Герман болон АНУ-ын хэвлэлүүдийн бичиж буйгаар А.Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын 60 гаруй хотод болсон бөгөөд 40 мянга гаруй хүн оролцсон аж. Тус улсын Дотоод хэргийн яам жагсаалд оролцсон мянга гаруй иргэнийг баривчилсан гэсэн ч “OVD-Info” мониторингийн тайланд 3 мянга гаруй хүнийг баривчилсан гэжээ. 

Жагсаал эхлэхээс өмнө цагдаагийн байгууллага “жагсаалд оролцсон хүн бүхнийг саатуулах болно” гэсэн нь иргэдийн уур бухимдлыг улам өдөөсөн гэж хэлж болно. Нийслэл Москва хотод гэхэд ойролцоогоор 2 мянган хүн саатуулгдсан бол Санкт-Петербург хотод 500 гаруй хүн баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор цөөнгүй улс төрчид, нэр бүхий зүтгэлтнүүд байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүний дотор А.Навальныйгийн эхнэр ч багтжээ. 

Цуглааныг зохион байгуулсан, уриалсан гэж үзсэн ОХУ-ын “Авилгатай тэмцэх сан”-гийн хуульч Л.Соболь, Георгий Албуров, Навалныйн нарийн бичгийн дарга Кира Ярмыш болон бусад хүмүүсийг баривчилж, өчигдөр/2021.01.25/ захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. 

Ардчилсан орнууд уг жагсаалыг хэрхэн дүгнэж байна вэ

Иргэдийн эсрэг хүч хэрэглэснийг АНУ, Герман, Франц тэргүүтэй орнууд ихээхэн буруушааж байна. Тухайлбал, АНУ-аас "ОХУ-ын удирдагчид иргэддээ үнэн төрхөө харууллаа" гэж хурц шүүмжилсэн юм. Үүнээс гадна Европын Парламент ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч “Умард урсгал-2” төслийг зогсоох нь зүйтэй гэж үзсэн тогтоолыг батлан гаргажээ. Нийт 11 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийг хэрэгжүүлснээр ОХУ-аас Герман болон Европын улс орнуудад нийлүүлэх шатдаг хийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм. 

Мөн Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Владимир Европын Холбооноос ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж, ЕХ-ны гадаад харилцааны дээд төлөөлөгч Хосеп Борреллыг ирэх сард Москвад айлчлах төлөвлөгөөгөө эргэн харах ёстой гэжээ. Түүний уриалгатай санал нэг байгаагаа ч хэд хэдэн орны удирдагчид илэрхийлэв.

ОХУ-ын иргэд үнэхээр Монголчуудад “атаархав уу”

Цахим сүлжээнд Андрей Коченов гэх хаягтай ОХУ-ын иргэний “Монголчуудыг хар, Биднийг хар” гэсэн тайлбар бүхий Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зураг олон нийтийн сүлжээнд түгээмэл харагдаж байлаа. Гэсэн ч тус иргэн  ийм зүйл нийтлээгүй гэдгээ хэлжээ.

Цахим сүлжээгээр хамгийн их түгсэн Андрей Коченов гэх хүний "пост"

Мөн тус иргэний цахим сүлжээнд Монголчуудын талаар дурдсан нэг ч зүйл байгаагүй юм. Гэсэн ч ОХУ-ын цахим сүлжээн дэх нийтийг хамарсан зарим группд тайван замаар жагссан Монголчуудын талаар дурдсан нь үнэн юм.

Тодруулбал, жагсаалд оролцсон иргэдийг цагдаа нар зодож, баривчилж буй зургийг нийтэлж тайлбар хэсэгт “Монголд зохион байгуулсан жагсаалын үеэр нэг ч иргэнийг баривчлан, саатуулаагүй. Үүгээр ч барахгүй хувцсаа тайлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэнд цагдаа нар хүч хэрэглэхийн оронд хувцсаа өмсөхийг аргадан гуйж байлаа”, “Монгол Улсын иргэн байсан ч болоосой” гэж  ОХУ-ын улсын иргэд бичсэн байв.