АНУ: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон гвардын 150 гаруй цэргээс халдвар илрээд байна

АНУ: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон гвардын 150 гаруй цэргээс халдвар илрээд байна

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден ажлаа хүлээн авсан билээ. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар лхагва гарагийн 12.00 цагт эхэлсэн бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны хатуу хамгаалалт бүхий ёслол болж өнгөрснийг олон улсын хэвлэлүүд онцолж байсан юм.

Учир нь нэгдүгээр сарын эхээр Капитолын ордонд болсон үймээн самуун дахин дэгдэхээс болгоомжлон үндэсний гвардын 25 мянга гаруй цэрэг харуул, хамгаалалтын өндөр түвшинд ажилласан билээ.

Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс ёслолын ажиллагаанд оролцох иргэдийн тоог эрс багасган, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, дээр дурдсан 25 мянга гаруй цэрэг ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг агаар, ус, газраар нэгэн зэрэг хамгаалж байсан нь түүхэнд байгаагүй өндөр дээд хэмжээний хамгаалалт болсон юм.

-ЦЭРГҮҮД ӨӨР ХООРОНДОО ОЙРХОН БАЙРЛАСАН БАЙСНЫ УЛМААС ХАЛДВАР ЭРЧИМТЭЙ ТАРХСАН ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА-

Тэгвэл тангараг өргөх ёслолын үеэр Вашингтонд үүрэг гүйцэтгэж байсан үндэсний гвардын 150 гаруй алба хаагчаас коронавирус илэрсэн талаар Үндэсний гвардын командлагч, хуурай замын армийн генерал Дэниел Хокансан мэдэгджээ. Энэ талаар Үндэсний гвардийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхгүй гэж мэдэгдсэн боловч цэргүүд Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийг дагаж мөрдөж байгааг мэдэгдсэн байна.

Мөн тэдний шалан дээр болон шатан дээр унтаж байгаа гэрэл зургууд хэвлэлээр тарж, цэргүүдэд унтаж амрах газар яагаад байгаагүй талаар иргэдээс ихээхэн гомдол ирэх болсон байна. Одоогоор 10 мянга гаруй цэргүүд Засгийн газрын ордныг ээлжлэн хамгаалж байгаа бөгөөд эдгээрээс таван мянга гаруй нь гуравдугаар сарыг дуустал Вашингтонд үлдэж Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалахаар болсон байна.

Харин Ерөнхийлөгч Жо Байден цэргүүдэд унтах нөхцлийг нь одоог хүртэл хангаж өгөөгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэргүүн хатагтай Жилл Байден тэдэнд талархлаа илэрхийлэн шоколадтай жигнэмэгээр дайлсэн гэв. Тэрээр тангараг өргөх ёслолын дараа цэргүүдэд хандан “Намайг болон миний гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж өгсөн та бүхэнд баярлалаа. Үндэсний гвард миний зүрх сэтгэлд үргэлж онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Манай хүү Бау 2008-2009 онд Делавэрийн армийн үндэсний гвардид алба хааж байсан. Тиймээс би цэргийн алба хаагчийн ээж гэсэн үг” хэмээн хэлжээ.

-ЦЭРГҮҮД ЦАГААН ОРДНЫ ШАЛ БОЛОН ШАТАН ДЭЭР УНТАЖ БАЙСАН ЗУРГУУД ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮДЭЭР ТАРЖ, ШҮҮМЖЛЭЛД ӨРТЖЭЭ-

Харин энэ тухай Цагаан ордны коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч асан Дебора Биркс “цэргүүдийг өөр хооронд нь ойрхон байрлуулсны улмаас коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн байж болзошгүй. Мөн зарим цэргүүдээс шинж тэмдэггүй халдвар илэрсэн. Тэд үүргээ гүйцэтгэхийн тулд эрүүл мэндээ золиосолсон гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.  

Үүнээс гадна хамгаалалтад ажиллах цэргүүдийн дотроос халдлага гарахаас сэргийлж, тэдгээрийн намтар, гэмт хэрэгт холбогдож байсан түүх, терроризмтай холбогдож байсан эсэх баримтыг Холбооны Мөрдөх Товчооныхон нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд халдлага гарвал ямар арга хэмжээ авах, халдлага үйлдэгчийг яаж таних зэрэг дадлага сургуулилалтад Үндэсний гвардын цэргүүдийг хамруулаад байсан бөгөөд ёслолд оролцох бүх хүмүүсээс коронавирусийн эсрэг шинжилгээ авсан юм.