В.Путин “Надад далайн эрэг дээрх тансаг харш байхгүй” гэж мэдэгджээ

В.Путин “Надад далайн эрэг дээрх тансаг харш байхгүй” гэж мэдэгджээ

Энэ сарын 20-нд ОХУ-ын Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч В.Путины Хар тэнгис дээрх "Путины ордон" гэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болох видеог дэлгэж, энэ талаар шалгаж үзэхийг Тагнуулын газарт санал болгосон.

А.Навальный болон түүний Авилгатай тэмцэх сан (ФБК) тус баримтат киног "өнөөг хүртэл хийсэн хамгийн том мөрдөн байцаалт" гэж нэрлэсэн байна. Энэхүү кино нь  Путины өмч болох  1,4 тэрбум орчим долларын хөрөнгийг тооцсон авилгын асар том схемийн талаарх мэдэгдлийг агуулсан гэх бөгөөд байшингийн доторх засал чимэглэл, хэдэн өрөөтэй, байшинд тавигдсан тавилгуудын үнийг хүртэл киногоор харуулжээ.

Тэгвэл өчигдөр болсон цахим хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь Хар тэнгисийн эрэгт ямар ч орд харш байхгүй гэж мэдэгджээ. “Навальныйн видеонд үзүүлж байгаа шиг хөрөнгө надад болоод миний ойр төрлийн хүмүүст хэзээ ч байгаагүй. Цаг зав муутай учраас би энэ видеог үзэж чадаагүй. Туслах маань надад хальт гүйлгэж харуулсан” гэж Путин хэлжээ. Харин Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдээллийг үгүйсгэж, Ерөнхийлөгчийг уг асуудалд ямар ч холбоогүй хэмээн мэдээлжээ. Тэрээр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Тэд/сөрөг хүчин/ хуучин түүхээ давтаж байна. Энэ бүх мэдээлэл худлаа. Ордон гэж байхгүй, Ерөнхийлөгч ямар ч ордны эзэн биш" гэв.