БНХАУ, Өмнөд Африкт коронавирусийн хуурамч вакцин үйлдвэрлэж, зардаг сүлжээг илрүүлжээ

БНХАУ, Өмнөд Африкт коронавирусийн хуурамч вакцин үйлдвэрлэж, зардаг сүлжээг илрүүлжээ

БНХАУ болон Өмнөд Африкийн цагдаа нар коронавирусийн хуурамч вакцин худалдаалдаг гэмт хэргийн сүлжээг илрүүлж, уг хэрэгт холбоотой 80 гаруй хүнийг баривчилжээ. Мөн 6000 гаруй хуурамч вакциныг хураан авсан байна.

Өчигдөр/2021.03.03/ Хятадын цагдаа нар мөрдлөг явуулж, сэжигтнүүдийн байрлаж буй газарт гэнэтийн нэгжлэг хийсэн байна. Улмаар вакцины үйлдвэрээс 3000 гаруй хуурамч вакцин хураан авч 80 хүнийг баривчилжээ. Түүнчлэн Өмнөд Африкийн цагдаагийн офицерууд Интерполтой хамтран Йоханнесбургийн гаднах агуулахаас 2400 орчим тун хуурамч вакциныг илрүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй их хэмжээний эмнэлгийн зориулалтын бус хуурамч амны хаалт хураан авчээ. Гэмт этгээдүүд вакцинаа энгийн иргэд болон ахмадуудын асрамжийн газруудад худалдаалдаг байсан аж.

Дэлхий даяар вакцины эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй цаг үед энэ төрлийн гэмт хэрэг газар авах эрсдэлтэй талаар өмнө нь ДЭМБ сануулж байв. Тиймээс хуурамч вакцины мөрдөн байцаалтыг Интерполтой хамтран зохион байгуулна гэж мэдэгджээ.

Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток өчигдөр илрүүлсэн сүлжээг вакцинтай холбоотой гэмт хэргийн "зөвхөн мөсөн уулын үзүүр" болохыг анхааруулсан байна. Хятадын талаас уг хэрэгтэй холбогдуулан “цагдаа нар вакцинтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр идэвхтэй шалгалт явуулж байгаа. Вакцины аюулгүй байдалд Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: Financialtimes