Б.Бат-Эрдэнэ: Бэлчээр нь тусгай хамгаалалтад орсон малчдад тухайн газрыг нь хугацаагүйгээр ашиглуулж, өвлүүлнэ

Б.Бат-Эрдэнэ: Бэлчээр нь тусгай хамгаалалтад орсон малчдад тухайн газрыг нь хугацаагүйгээр ашиглуулж, өвлүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2026.10.05/ танилцуулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэж, цаашид УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэрхэн хэлэлцэх, хэлэлцүүлгийн түвшинд юуг анхаарах талаар ярилцлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн үйл ажиллагааг илүү хялбаршуулж, шуурхай байдлыг хангах зохицуулалт орж байгаа. Үүнийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр ярилцсан. Ингэснээр шүүхийн ачааллыг бууруулж, нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн цаг хугацааг алдахгүйгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ. Манай бүлгийн гишүүд хуулийн төслийг бүрэн дэмжиж, батлах саналтай байгаа. Ингэснээр шүүхийн ачаалал багасаж, иргэдэд илүү ойр, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх асуудлын дийлэнх нь банк, санхүүтэй холбоотой бөгөөд нийт хэргийн 70 орчим хувийг эзэлж байна. Тиймээс үүнийг зохицуулах, тодорхой хохирлыг мөнгөн дүнгээр тогтоох, зээлдэгчийн мэдээллийг баталгаажуулах асуудлыг хариуцаж байгаа тал өөрөө баталгаажуулах зэрэг зохицуулалтыг хэлэлцсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хувьд олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Олон жил яригдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. УИХ-д 2027 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг дуусаж байна. Тиймээс төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай. Ингэснээр арваннэгдүгээр сараас эхлэн таван асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ахмадын суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын тарифын өсөлтийг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн ирэх онуудад үүсэж болзошгүй нийлүүлэлтийн гаралтай инфляцыг өдөөхөөс сэргийлж, нөөц бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Газар нутгийг нь тусгай хамгаалалтад авсан малчин иргэдэд тухайн газар нутгийг нь хугацаагүйгээр ашиглуулах, өвлүүлэх зохицуулалт оруулж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйлчилгээ явуулах аж ахуйн нэгжид 60 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлнэ. Нэг удаа 15 жилээр сунгана. Гэхдээ байгаль орчны унаган төрхийг алдуулахаас эхлээд зүй бусаар ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь чанга байна. Газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Богд хан уул улсын тусгай хамгаалалтад байдаг. Бүр дархан цаазат гэж явдаг. Хуулийн төсөлд хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэсэн шинэ зүйл оруулж ирж байгаа. Хот, суурин газрын тусгай хамгаалалттай газрын харилцааг шийдэхээр ийм шинэ зүйл оруулж ирж байгаа гэсэн үг. Богд хан уулын тухайд Засгийн газарт бүрэн эрх олгоно. Гэхдээ суурьшлын бүсийг нэмэхийг хориглоно. Нэмэхээр бол УИХ-аар хэлэлцүүлнэ" гэлээ.