Мьянмарт болсон жагсаалын үеэр алагдсан хүмүүсийн дотор 14-19 насны хүүхдүүд байжээ

Мьянмарт болсон жагсаалын үеэр алагдсан хүмүүсийн дотор 14-19 насны хүүхдүүд байжээ

Өчигдөр Мьянмарт 38 тэмцэгч алагдаж, хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо гэж тус улсад томилогдсон НҮБ-ын элч Кристин Шранер Бургенер мэдээллээ. Энэ үеэр нэгэн залуухан тэмцэгч 19 настай охин буудуулж амиа алдсан нь дэлхийн нийтийг цочирдуулаад байгаа юм.

Мөн үүнээс гадна алагдсан хүмүүсийн дотор 14 ба 17 насны хоёр хүү байгааг  “Save the Children” байгууллага тогтоосон бөгөөд тус хүүхдүүдийн мэдээлэл олон нийтэд хараахан ил болоогүй байна. Өнгөрсөн даваа гарагт Янгон, Давей, Мандалай зэрэг хотуудад жагсагчдын эсрэг гал нээж, улмаар 18 хүн нас барсан бөгөөд 30 30 гаруй хүн хүнд, хөнгөн хэлбэрээр шархадсан юм.

Жагсаалд оролцогчид болон эмнэлгийн ажилчдын мэдээлснээр тус улсын хамгийн том хот Янгонд цагдаа нар сум, гранат, нулимс асгаруулагч хий ашигласнаас дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Мөн цагдаагийн албан хаагчид жагсагчдад ямар нэгэн анхааруулга өгөлгүйгээр шууд гал нээж эхэлсэн аж.Харин Мандалай хотод болсон томоохон жагсаалд иргэдийн эсрэг усан буу ашиглаж, агаарт гал нээн тараасан байна. Гэвч энэ үеэр нэг иргэн амиа алджээ. Эсэргүүцэл эхэлснээс хойш баривчлагдсан хүмүүсийн тоо хараахан батлагдаагүй байна.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн хяналтын бүлгийн мэдээлснээр одоогоор 850 хүнийг хорьсон гэсэн ч амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр хэдэн зуун хүнийг нэмж баривчилжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарын цэргийнхэн бослого дэгдээж, Ан Сан Су Чи тэргүүтэй Засгийн газрын удирдагчдыг хүчээр “түлхэн унагааж” баривчилсан юм. Үүний дараа нэг жилийн хугацаатай онц байдал зарласан. Гэсэн ч иргэд Засгийн газрын тэргүүнүүдийг суллаж, ардчилсан дэглэмд буцаан шилжүүлэхийг шаардаж жагсаж буй нь энэ юм.

Эх сурвалж: BBC