Жагсаалын үеэр амиа алдсан Кял Син охин эрхтнээ хандивлана хэмээн бичиж үлдээсэн байжээ

Жагсаалын үеэр амиа алдсан Кял Син охин эрхтнээ хандивлана хэмээн бичиж үлдээсэн байжээ

Мьянмар улсын цэргийн хүч өнгөрсөн сарын 1-ний өдөр нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, Засгийн эрхийг булаан авсан билээ. Үүний дараа уг үйл явдлыг эсэргүүцсэн улс даяар жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн бөгөөд цагдаагийн албан хаагчид жагсагчдын тараахын тулд эхэндээ усан буу ашиглаж байсан ч сүүлдээ байдал хурцдаж, буудуулж амиа алдагдсдын тоо ихсэх болсон юм.

Жагсагчид Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин зэрэг улс төрийн зүтгэлтнүүдийг суллаж, ардчиллыг сэргээхийг уриалж байгаа юм. Харин Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд өмнөх сонгууль будлиантай болсон гэж ямар ч нотлох баримтгүйгээр эрх баригч намын удирдагчдыг баривчилж  цэргийн ерөнхий командлагч Мин Аун Хлаинд засгийн эрхийг шилжүүлээд буй.

-АМИА АЛДВАЛ ЭРХТНЭЭ ХАНДИВЛАНА ХЭМЭЭН НҮҮР ХУУДСАНДАА ЦУСНЫ БҮЛЭГ, УТАСНЫ ДУГААР ЗЭРГЭЭ БИЧИЖ ҮЛДЭЭСЭН БАЙЖЭЭ-

Өнгөрсөн нэг сарын турш тус улсын хэд хэдэн хотуудад үргэлжилсээр байгаа жагсаал сүүлийн хоёр долоо хоногт хурцдаж, нийт 50 гаруй хүн цэргийн хүчнийхэнд буудуулж, 100 гаруй хүн шархдаад байна гэсэн албан бус тоо байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт жагсаалын үеэр нийт 50 гаруй хүн буудуулж амиа алдсан нь хамгийн их цус асгаруулсан өдөр болсон гэдгийг НҮБ-аас мэдэгдээд байгаа юм. Энэ үеэр нэгэн залуухан тэмцэгч 19 настай охин буудуулж амиа алдсан нь дэлхийн нийтийг цочирдуулаад байгаа юм.

Тус охины талаарх мэдээ мэдээлэл хаалттай байсан ч сүүлийн өдрүүдэд түүний хэн болох, амиа алдахаасаа өмнө юу гэж ярьж байсан талаарх мэдээлэл цахим орчинд тарж эхэлжээ. Тус охиныг Кял Син гэх бөгөөд Дэн Жиа Си хэмээх хятад нэрээрээ илүү алдаршжээ. Гэсэн ч насандаа баймгүй эр зориг гарган, эрх чөлөөний төлөө тэмцэж байсан түүнийг дэлхий нийтээрээ хайрлан хүндэлж байгаа юм. Цэргийнхний эсрэг жагссан бяцхан охиныг хүмүүс баатар хэмээн өргөмжилж олон нийтийн сүлжээгээр хүндэтгэл үзүүлсээр байна.

Охин энэ сарын 4-ний өдөр Мандалай хотод болсон жагсаалын үеэр амиа алдсан бөгөөд энэ үеэрээ “бүх зүйл сайхан болно” гэсэн бичигтэй фудболк өмссөн байжээ.

Түүнийг эсэргүүцлийн тэргүүн эгнээнд явж байх үед цэргийн хүчний нэгэн мэргэн бууч толгойл нь бууджээ. Жагсаалд оролцох нь амь насанд нь эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан учраас хэрвээ амиа алдсан тохиолдолд эрхтнээ хандивлах болно гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд, утасны дугаар, цусны бүлэг зэргээ бичиж үлдээсэн байсан байна.

Тэрээр "Бидэнд ардчилал хэрэгтэй. Бидний саналыг хүндэтгэ" гэсэн утгатай самбар барьж явсан байна. Кял Син охин чадварлаг бүжигчин байсан бөгөөд тус улсын бүжиг сонирхогч залуус гашуудан түүний оршуулах ёслолд хэдэн мянгаараа оролцсон байна.  

-ТҮҮНИЙГ ТЭМЦЭГЧДИЙН ЭХНИЙ ЭГНЭЭНД ЯВЖ БАЙХАД НЬ ТОЛГОЙД НЬ БУУДАЖ ХӨНӨӨЖЭЭ-

Мөн үүнээс гадна алагдсан хүмүүсийн дотор 14 ба 17 насны хоёр хүү байгааг “Save the Children” байгууллага тогтоосон бөгөөд тус хүүхдүүдийн мэдээлэл олон нийтэд хараахан ил болоогүй байна. Өнгөрсөн даваа гарагт Янгон, Давей, Мандалай зэрэг хотуудад жагсагчдын эсрэг гал нээж, улмаар 18 хүн нас барсан бөгөөд 30 гаруй хүн хүнд, хөнгөн хэлбэрээр шархадсан юм.

Жагсаалд оролцогчид болон эмнэлгийн ажилчдын мэдээлснээр тус улсын хамгийн том хот Янгонд цагдаа нар сум, гранат, нулимс асгаруулагч хий ашигласнаас дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Мөн цагдаагийн албан хаагчид жагсагчдад ямар нэгэн анхааруулга өгөлгүйгээр шууд гал нээж эхэлсэн аж.Харин Мандалай хотод болсон томоохон жагсаалд иргэдийн эсрэг усан буу ашиглаж, агаарт гал нээн тараасан байна. Гэвч энэ үеэр нэг иргэн амиа алджээ. Эсэргүүцэл эхэлснээс хойш баривчлагдсан хүмүүсийн тоо хараахан батлагдаагүй байна.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн хяналтын бүлгийн мэдээлснээр одоогоор 850 хүнийг хорьсон гэсэн ч амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр хэдэн зуун хүнийг нэмж баривчилжээ. Одоогоор бусад улс орнууд тус улсыг харгислалаа зогсоохыг шаардан, Мьянмарт байгаа иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. Мөн хэд хэдэн иргэд эх орноосоо дүрвэн, Энэтхэг улсыг зориод байгаа аж.