Мьянмарын цэргүүд “BBC”-ийн сэтгүүлчийг суллажээ

Мьянмарын цэргүүд “BBC”-ийн сэтгүүлчийг суллажээ

Энэ сарын 19-ний өдөр Мьянмарын нийслэл Най Пи Тау хотод төв шүүхийн гадаа сурвалжилга хийж байсан ВВС-ийн сэтгүүлчийг энгийн хувцастай цэргийнхэн баривчилсан юм. Улмаар тус сэтгүүлчийг дөрвөн хоног саатуулсны эцэст өнөөдөр суллажээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд засгийн эргэлт хийсний дараа Мьянмарын цэргийнхэн нийт 40 гаруй сэтгүүлчийг баривчилсан талаар BBC мэдээлсэн байна. Мөн таван хэвлэл мэдээллийн хэрэгслийн лицензийг хүчингүй болгожээ.

Сүүлийн өдрүүдэд ардчиллын төлөөх Мьянмарын ард түмний тэмцэл улам хурцдаж байна. НҮБ-ын мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар нийт 149 хүн жагсаалын үеэр цэргийнхний гарт амиа алджээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор Европын Холбооны элчин сайдын яамдууд болон АНУ, Их Британийн Засгийн газар "Аюулгүй байдлын хүчнүүд буюу цэргийнхэн зэвсэггүй энгийн иргэдэд харгис хандсаныг буруушааж, хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарын цэргийн хүч засгийн эрхийг хүчээр түлхэн унагааж Ерөнхийлөгч Вин Мьин, ардчиллыг төлөө тэмцэгч Ан Сан Су Чи тэргүүтэй хүмүүсийг баривчилж нэг жилийн хугацаатай онц байдал зарласан юм. 

Эх сурвалж: BBC