АНУ-ын тэргүүлэх эрдэмтэн ОХУ-ын вакциныг хүлээн зөвшөөрөв

АНУ-ын тэргүүлэх эрдэмтэн ОХУ-ын вакциныг хүлээн зөвшөөрөв

АНУ-ын Харшил, халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи ОХУ-ын “Спутник V” вакцины үр дүнг хүлээн зөвшөөрч байгаа талаараа хэлжээ.

Тэрбээр “Hugh Hewitt” хэмээх радио нэвтрүүлгийн үеэр “Би ОХУ-ын вакцины судалгааны тайлантай танилцсан. Үр дүн нэлээн сайн харагдаж байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр БНХАУ-ын вакцины судалгаатай танилцах боломж гараагүй ч үр дүн өндөр гэж таамаглаж байгаа талаар хэлсэн  байна.

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яам өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тайландаа Дэлхийн харилцаа хариуцсан албанаас нь Бразил улсыг Оросын вакциныг нэвтрүүлэхгүй байхыг ятгасан талаар дурдаж байсан юм. Мөн ОХУ-ыг Америк тивд нөлөөгөө өргөжүүлэхийг эрмэлзэж, АНУ-д хохирол учруулж байна хэмээж байв.

ОХУ-ын ЭМЯ “Спутник V” вакциныг зөвхөн хоёр сарын туршилтад үндэслэж, эмнэл зүйд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Тухайн үед олон эрдэмтэд үүнийг шүүмжилж байсны нэг нь Энтони Фаучи юм.

Эх сурвалж: Bloomberg