Трампын баримлыг иргэд ихээр цохиж, гэмтээх болсон тул үзмэрийн тооноос хасжээ

Трампын баримлыг иргэд ихээр цохиж, гэмтээх болсон тул үзмэрийн тооноос хасжээ

АНУ-ын Техас мужийн Сан Антониод байрлах "Louis Tussaud's Waxworks" музейд олон алдартай хүмүүсийн тосон баримал байрладаг. Харин сүүлийн үед тэнд музейд байдаг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын лааны тосон баримлыг иргэд ихээр цохиж, маажин гэмтээсээр байгаа тул түүний баримлыг үзмэрийн тооноос хасахаар болсон талаар музейн удирдлагууд мэдэгджээ.

Энэ талаар музейн бүс нутгийн менежер Клэй Стюарт "Зөвхөн Трамп ч биш Буш, Обама гээд аль ч Ерөнхийлөгч байсан хүмүүс тэдний баримлыг цохиж гэмтээх явдал гардаг. Ерөнхийлөгчдийн үзмэрийн хэсэг үргэлж ийм асуудалтай тулгардаг. Харин Трампын баримлын царайнд нэгэн ууртай үйлчлүүлэгч маш хэрцгийгээр хандсан тул агуулахад аваачихаар өөр аргагүй болсон" хэмээжээ.

Өмнө нь мөн уг музей дэх Ерөнхийлөгч асан Барак Обамагийн лааны тосон баримлын чих зургаан удаа алга болж байсан бол Ерөнхийлөгч асан Жорж Бушийн баримлын хамрыг нь цоортол цохисон тохиолдол бүртгэгдэж байжээ. Одоогоор тус музей Ерөнхийлөгч Жо Байдены лааны тосон баримал дээр ажиллаж байгаа аж.