ОХУ-ын иргэд Ерөнхийлөгчөө ямар вакцин хийлгэснээ хэлэхийг шаардаж эхэлжээ

ОХУ-ын иргэд Ерөнхийлөгчөө ямар вакцин хийлгэснээ хэлэхийг шаардаж эхэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мягмар гарагт/2021.03.23/ коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэлээ. Гэхдээ түүнийг ямар вакцин хийлгэсэн талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр байна.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков CNN-д өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч вакцин хийлгэж буй үйл явцыг камераар бичих шаардлагагүй гэж үзсэн. Тэр үүнийг хэзээ ч дэмжиж байгаагүй. Ерөнхийлөгч ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V, “EpiVacCorona”, “CoviVac” вакцинуудын аль нэгийг хийлгэсэн. Бид түүний хийлгэсэн вакциныг зориуд зарлаагүй нь манай улсад үйлдвэрлэсэн тус гурван вакцин бүгд үр дүнтэй, найдвартай болохыг хүмүүст харуулахыг хүссэн” гэжээ.

Гэсэн ч чөлөөт хэвлэлүүд болон иргэд В.Путинг ямар вакцин хийлгэснээ зарлахыг шаардаж байна. Мөн цахим сүлжээнд “бусад улсын Ерөнхийлөгч иргэдээ уриалахын тулд олон нийтийн өмнө вакцин хийлгэж байна. Гэтэл манай удирдагч вакцин хийлгэсэн үйл явцаа нууцаллаа. Магадгүй тэр огт хийлгээгүй байх” гэж хардсан сэтгэгдэл "давлагаалж" эхэлжээ. 

Саяхан ОХУ-ын "Левада" төвөөс явуулсан санал асуулгад оролцогчдын дөнгөж 30 орчим хувь нь вакцин хийлгэхийг дэмжсэн талаарх үр дүнг танилцуулсан. Иргэдийн зүгээс вакциныг маш богино хугацаанд бүтээсэн нь хамгийн их эргэлзээ төрүүлж буй зүйл хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN