Халдлагад өртсөн хятад эмээ хандиваар цугларсан мөнгөө Ази-Америкийн нийгэмлэгт хандивлахаар болжээ

Халдлагад өртсөн хятад эмээ хандиваар цугларсан мөнгөө Ази-Америкийн нийгэмлэгт хандивлахаар болжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сан Францискод гудамжинд явж байсан 76 настай хятад эмэгтэйд нэгэн залуу халдаж  түүнийг гэмтээхийг оролдсон ч эмээ бууж өгөлгүй тус залууг модон саваагаар цохиж хүнд гэмтэл учруулсан талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр тарсан.

Хэргийг тодруулбал, Сяо Жэн Зие гэх хятад гаралтай 76 настай эмээ зам хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээн зогсож байхад нь нэгэн америк эр түүнийг гэнэт цохижээ. Харин бичлэг дээр үлдсэнээр эмээ “муу новш минь яагаад цохиж байгаа юм” хэмээн хятадаар орилон модоор зөрүүлэн цохиж байгаа нь харагдсан байдаг. Түүнд халдсан этгээд нь америк гаралтай 39 настай эр бөгөөд өмнө нь мөн 80 настай ази эрэгтэйд халдаж байсан нь тогтоогджээ. Түүнийг цагдаа нар өчигдөр хэргийн газраас баривчилсан байна. Сүүлийн үед коронавирусийн халдвараас улбаалан ази гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл дахин гарч эхэлсэн бөгөөд тус хэргийн дараа эмээд зориулж иргэд хандив цуглуулж эхэлсэн юм.

Одоогоор нийт хандивын мөнгө нэг сая гаруй доллар болсон бөгөөд эмээ тус мөнгийг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх Ази-Америкийн нийгэмлэгт хандивлахаар болжээ.  Эмээгийн цохиулсан нүд хөхөрсөн бол халдлага үйлдсэн 39 настай этгээдийн ам, хамарнаас нь цус гоожсон байдалтай дамнуурган дээр хэвтэж байгаа нь бичлэг дээр мөн үлджээ. Азаар эмээ хөнгөн гэмтсэн ч ахиж гадуур гарахаасаа айдаг, сэтгэл зүйн хямралд орсон талаар түүний охин нь хэвлэлүүдэд мэдэгдсэн байна.