Суэцийн сувагт аварга том хөлөг онгоц гацсаны улмаас түгжрэл үүсжээ

Суэцийн сувагт аварга том хөлөг онгоц гацсаны улмаас түгжрэл үүсжээ

Өнөөдөр өглөө олон улсын далайн ачаа тээврийн гол суваг болох Суэцийн сувагт 400 гаруй метр урт, 220 мянган тонн жинтэй ачаа тээврийн “Ever Green” нэртэй хөлөг онгоц гацжээ. Уг хөлөг онгоцыг хөдөлгөхөөр хэд хэдэн удаа оролдсон боловч амжилтад хүрээгүй аж. Үүний улмаас тус сувгаар дайран өнгөрөх ёстой байсан 100 гаруй хөлөг онгоц сувгийн хоёр талд гацаж, түгжрэл үүсгээд байна.

Эхэндээ хөлөг  эрчим хүчгүй болсон учраас хөдөлгүүр нь зогссон гэж байсан ч удалгүй шуурганы улмаас чингэлэг унаж, саатсан нь тодорхой болжээ. Одоогоор олон зуун хүн хөлгийг хөдөлгөхөөр ажиллаж байна. Орон нутгийн хэвлэлүүдэд бичиж буйгаар сувгийн төгсгөлд Саудын Араб, Орос, Оман, АНУ-ын нефть тээвэрлэж явсан олон цистернүүд гацжээ.

Өмнө нь 2016 онд Германы Хамбург боомтын ойролцоо Энэтхэгийн хөлөг онгоц таван өдөр гацаж байв. Үүний дараа 2017 онд Японы хөлөг онгоц мөн Суэцийн сувагт гацсан ч хэдхэн цагийн дотор хөдөлгөж чадсан юм.  

Суэцийн суваг нь Египет улсын нутагт, Синайн хойгт орших, Газар дундын тэнгисийн Порт Сэйд, Улаан тэнгисийн Суэц боомтыг холбосон томоохон хиймэл суваг. 163 км урттай, хамгийн нарийн хэсэгтээ 300 метр өргөн, жилд 24 мянга хүртэлх усан онгоц өнгөрүүлэх хүчин чадалтай. Уг сувгийг 1869 онд барьж дууссанаас хойш, Африкийг тойролгүйгээр, Европ болон Ази тивийг холбосон хоёр чиглэлийн усан тээвэр хийгдэх боломжтой болсон юм. Африк тивийг тойрч гарахад 8900 км зам туулдаг аж.

Эх сурвалж: Guardian