ВИДЕО: Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцыг хөдөлгөхөд хэдэн долоо хоног шаардагдана гэв

ВИДЕО: Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцыг хөдөлгөхөд хэдэн долоо хоног шаардагдана гэв

Хоёр хоногийн өмнө/2021.03.24/ олон улсын далайн ачаа тээврийн гол суваг болох Суэцийн сувагт 400 гаруй метр урт, 220 мянган тонн жинтэй ачаа тээврийн “Ever Green” нэртэй хөлөг онгоц гацсан билээ. Тэгвэл хөлөг онгоцыг чөлөөлөхөд хэдэн өдөр, хэдэн долоо хоног шаардлагатай гэж усан тээврийн мэргэжилтнүүд үзжээ.

Экскаватор контейнер хөлөг онгоцны урд үзүүрийг чөлөөлөх гэж оролдож байна.

“Ever Given” хөлөг Суэцийн сувгаар нэвтрэх замдаа гэнэтийн хүчтэй салхины улмаас туугдаж, гацсан юм. Хөлгийг чөлөөлөхөөр яг одоо долоон чирэгч усан онгоц ажиллаж байгаа ч ажиллагаа хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Мөн уг ажиллагаанд оролцож буй “Boskalis” компанийн гүйцэтгэх захирал Питер Бердовски хөлгийг одоогийн ачаатай нь татаж, хөдөлгөх ямар ч боломжгүй гэжээ.

Яг одоо Суэцийн сувгийн хоёр талд 160 орчим ачаа тээврийн хөлөг онгоц гацсан талаар орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. Суэцийн сувгаар нэвтрэх боломжгүй болсон ачааны бусад хөлгүүд Африк тивийн өмнөд хэсгийн Сайн Итгэлтийн хошуугаар тойрч Европ тивд хүрвэл хоёр долоо хоног орчим хугацаа алдах юм байна.

2020 онд Суэцийн сувгаар нийт 19,000 орчим хөлөг нэвтэрсэн нь өдөрт дунджаар 51.5 хөлөг нэвтэрсэн гэсэн үг юм. Ийм завгүй ажилладаг далайн замд саатал гарснаар Ази, Европ тивүүдийн худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна. Тус хөлгийг Тайванийн “Evergreen Marine Corp” компани ачаа тээвэрлэгчдэд хугацаагаар түрээслүүлдэг. Хохирлыг одоогоор нэг сая ам доллар гэж тооцсон бөгөөд Тайванийн усан онгоцны даатгалын компани төлөхөөр байна.

ҮЗЭХ:

Эх сурвалж: CNN