ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Оюу толгойн төсөл хойшилсон шалтгааныг Рио Тинто нуун дарагдуулсан гэв

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Оюу толгойн төсөл хойшилсон шалтгааныг Рио Тинто нуун дарагдуулсан гэв

Уул уурхайн “Mining.соm” сайтад Оюу толгой болон Рио Тинто компанитай холбоотой сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлын талаарх нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн пүрэв гарагт /2021.03.25/ АНУ-ын шүүхэд Монголын Оюутолгой зэс-алтны уурхайн өргөтгөлийн асуудалтай холбоотой гаргасан нэхэмжлэлд Рио Тинто компани төсөл хойшлогдсон шалтгааныг нуун дарагдуулсан гэж мэдэгджээ. Нью Йоркийн шүүхэд гаргасан 163 хуудас уг нэхэмжлэлд Рио-гийн хяналтад байдаг “Turquoise Hill” компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч болох “Pentwater Capital Management”-ээс Рио болон түүний гэрээт компанид ажиллаж байсан 12 хүний мэдүүлгийг хавсаргасан байна.

Нэхэмжлэлийн агуулгад Хятадын ган төмрийн согог, муу инженерчлэл, хүрэлцээгүй худалдан авалт зэрэг нь уурхайн өргөтгөлийн өртгийг асар ихээр нэмэгдүүлж, төслийн удаашралтад нөлөөлсөн гэжээ. Мөн энэ талаарх мэдээлэл бүр нэг жилийн өмнө гарсан байхад Рио Тинто хөрөнгө оруулагчдад хэтэрхий хожуу мэдэгдсэн гэж буруутгасан байна.

Энэ мэт шалтгааны улмаас “Рио Тинто”, “Туркойз Хилл” хоёулаа төслийн геологийн ажил анх төлөвлөж байснаас муу түвшинд хэрэгжиж байхад цаашид ажиллах арга барилаа өөрчлөх шаардлагатай байгааг хожуу ухаарсан нь ухралт болсон гэж үзэж байгаа юм.

2017-2018 онуудад ч төсөлтэй холбоотой асуудлууд хөндөгдөж байхад Рио, Туркойз нар өргөтгөлийн ажил 5.3 тэрбум долларын өртөгтэй байгаа бөгөөд 2021 оны эхний улиралд анхны үйлдвэрлэлээ эхлүүлэх болно гэж хөрөнгө оруулагчдад хэлсээр байв. Үүний дараа 2019 оны 7-р сард Рио Тинто, Туркойз Хилл нар төсөл хэрэгжүүлэхэд 1.2-1 тэрбум доллараас дээш хөрөнгө шаардагдах бөгөөд төлөвлөгөөнөөс 16-30 сарын хоцрогдсон гэж мэдэгдсэн юм.

"Эцэст нь Туркойз Хилл компанийн хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээлээ. Оюутолгойн төслийн удаашрал, зардлын хэтрэлт ил болох үед “Туркойз Хилл” компанийн хувьцаа үнэ цэнийнхээ 70 гаруй хувийг алджээ" гэж баримт бичигт дурджээ. Рио Тинтогийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Баатарын Болд Оюутолгойн ирээдүйн талаар Монголын засгийн газартай нэн чухал хэлэлцээр хийж байгаатай холбогдуулан Pentwater-ийн шинэ нэхэмжлэлүүд гарч ирж байна.

Тус компани Оюутолгойн өргөтгөл нь уул уурхайн хамгийн чухал өсөлтийн төсөл гэж удаа дараа мэдэгдэж байсан. Ашиглалтад орсны дараа Оюу Толгой нь 2028-2036 онуудад жилд 480 мянган тонн зэсийг экспортлох боломжтой болох юм.

Эх сурвалж: Mining