Мьянмарын цэргүүд Зэвсэгт хүчний баярын өдрөөрөө 100 гаруй иргэний амийг хөнөөв

Мьянмарын цэргүүд Зэвсэгт хүчний баярын өдрөөрөө 100 гаруй иргэний амийг хөнөөв

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш хамгийн их цус асгаруулсан өдөр өчигдөр /2021.03.27/ байлаа. Тодруулбал, Мьянмарын цэргүүд жагсагчид, энгийн иргэд рүү гал нээсний улмаас 91 хүн амь үрэгджээ.

Цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд орон нутгийн хэвлэлүүд нас барагсдын тоо 100 давсан гэжээ. Мөн нас барагсдын дунд 13 настай охин байсан хэмээн AAP агентлаг мэдээлсэн байна. Цэргийнхэн Янгон, Мандалай зэрэг том хотуудаас гадна Магвай, Могок, Кяукпадаунг, Маяангон зэрэг жижиг хот суурингуудыг оролцуулаад нийт 40 орчим газарт гал нээсэн байна.Ийнхүү цэргийнхэн төрийн эрхийг булаан авснаас хойш нийт 400 гаруй иргэн амь үрэгдээд байна.

Үүнтэй зэрэгцэж өчигдөр Мьянмарт тус улсын зэвсэгт хүчний баярын өдөр тохиож, нийслэл Нэйпитау хотод цэргийн парад зохион байгуулагдсан юм. 1945 оны энэ өдөр Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Мьянмарын зэвсэгт хүчин эхний довтолгоогоо хийж байсан.

Баярын арга хэмжээнд ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин оролцсон бөгөөд Хятад, Энэтхэг, Пакистан, Вьетнам, Тайланд улсууд уг арга хэмжээнд сайдаас доод түвшний төлөөлөгчдөө илгээжээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ үйл явдлыг “аймшигтай” хэмээн тодорхойлж, ихэд буруушаажээ. Түүнчлэн Мьянмар дахь Европын холбооны төлөөлөгчид Зэвсэгт хүчний өдрийг "терроризм, нэр төргүй өдөр болж түүхэнд үлдэнэ” гэж мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уг үйл явдалд "гүн цочирдсон" гэж хэлсэн бол Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб үүнийг "шинэ доод түвшин" гэж нэрлэв.

Эх сурвалж: CNN