В.Путин: Олон нийтийн өмнө вакцин хийлгэж байна гээд өөр шингэн, витамин ч тариулчхаж болно шүү дээ

В.Путин: Олон нийтийн өмнө вакцин хийлгэж байна гээд өөр шингэн, витамин ч тариулчхаж болно шүү дээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн мягмар гарагт/2021.03.23/ коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Ингэхдээ вакцин хийлгэсэн үйл явц хийгээд ямар вакцин хийлгэснээ хүртэл нууцалсан юм.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков CNN-д өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч вакцин хийлгэж буй үйл явцыг камераар бичих шаардлагагүй гэж үзсэн. Тэр үүнийг хэзээ ч дэмжиж байгаагүй. Ерөнхийлөгч ОХУ-д үйлдвэрлэсэн “Sputnik V, “EpiVacCorona”, “CoviVac” вакцинуудын аль нэгийг хийлгэсэн. Бид түүний хийлгэсэн вакциныг зориуд зарлаагүй нь манай улсад үйлдвэрлэсэн тус гурван вакцин бүгд үр дүнтэй, найдвартай болохыг хүмүүст харуулахыг хүссэн” гэсэн юм.

Гэсэн ч чөлөөт хэвлэлүүд болон иргэд В.Путинг ямар вакцин хийлгэснээ зарлахыг шаардсан. Харин тэрбээр өчигдөр /2021.03.28/ “Россий-1” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Хүмүүс ямар вакцин хийлгэснийг минь их сонирхож байх шиг байна. Би Оросод үйлдвэрлэсэн гурван вакцины нэгийг л хийлгэсэн. Ямар вакцин гэдгийг зөвхөн эмч бид хоёр мэдэж байгаа” гэжээ.

Түүнчлэн тус улсын иргэд “бусад улсын Ерөнхийлөгч иргэдээ уриалахын тулд олон нийтийн өмнө вакцин хийлгэж байна. Гэтэл манай удирдагч вакцин хийлгэсэн үйл явцаа нууцаллаа. Магадгүй тэр огт хийлгээгүй байх” гэж байсан юм. Энэ талаар тэрбээр “Би бусад улсын ерөнхийлөгчдийг сармагчин шиг дууриахыг хүсээгүй. Олон нийтийн өмнө вакцин хийлгэж байна гээд өөр шингэн, витамин ч тариулчхаж болно шүү дээ” гэжээ. Харин вакцины гаж нөлөөний тухай “булчин бага зэрэг өвдсөн. Халуунаа хэмжихэд хэвийн байсан” гэж хариулжээ.

В.Путин энэ зуны төгсгөл гэхэд ОХУ-ын иргэд сүргийн дархлааг тогтоож, цар тахлын хязгаарлалтыг цуцална гэж найдаж буйгаа хэлсэн байна. Тус улс өнгөрсөн оны 12-р сараас эхлэн дархлаажуулалтын ажлаа эхлүүлсэн. Одоогоор насанд хүрсэн 144 сая иргэний 4,3 сая нь вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм.

Эх сурвалж: Reuters