Японы 200 орчим байгууллагын нууц мэдээлэлд халдсан Хятадын хакерыг баривчилжээ

Японы 200 орчим байгууллагын нууц мэдээлэлд халдсан Хятадын хакерыг баривчилжээ

Өчигдөр /2021.04.20/ Японы Сансар судлалын агентлаг (JAXA) тэргүүтэй 200 орчим компани, эрдэм шинжилгээний байгууллагын мэдээлэлд халдсан Хятадын хакерыг баривчилжээ.

Тус улсын Засгийн газрын мэдээлснээр “Хакер БНХАУ-ын армитай холбоотой бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт хийхээр прокурорт шилжүүлсэн” байна. 

Сэжигтэн Японд системийн инженерээр ажиллаж, JAXA руу халдахын тулд хуурамч нэрээр өөрийгөө бүртгүүлж, серверт нэвтрэх эрх олж авчээ.

Уг хэрэгт холбогдуулан Японд солилцооны чиглэлээр суралцаж байсан Хятадын өөр нэгэн иргэнийг саатуулан, шалгаж байна. Энэ талаар Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кацунобу Като сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Цагдаа нар халдагчдын зорилго, арга барилыг шалгаж байна. Бид Хятадын армитай холбоотой гэж сэжиглэж буй олон кибер халдлагыг мөрдөж байгаа. Хятадын Ардын чөлөөлөх арми үүнд оролцсон байх өндөр магадлалтай” гэжээ.

Одоогоор мэдээлэл алдагдсан, бодит хохирол учирсан зүйл тогтоогдоогүй байгаа ч цагдаа нар компаниудад хамгаалалтаа чангатгахыг уриалж байна. Энэ сарын 16-ны өдөр Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ үеэр тэрбээр “Хятадаас ирж буй кибер халдлага улам нэмэгдэж байгаа” талаар ярьсан юм. 

Эх сурвалж: AP, СhannelNewsAsia