Европын Комисс ОХУ-ын Эрхүү мужид уушгины тахлын дэгдэлт гарсан байж болзошгүй талаарх мэдээллийг “маш анхааралтай” ажиглаж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал, Эрхүүгийн Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн ажилтан аравдугаар сарын 2-нд шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаагаар нас барсан юм. Энэ талаар ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхны хяналтын холбооны алба мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор талийгаачтай ойрын хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулж, зарим ажилтныг тусгаарласан талаар мэдээлжээ.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тус байгууллага нөхцөл байдлыг Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвтэй хамтран ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан авч байна.
Мөн Европын Комисс ОХУ-ын талаас нөхцөл байдлын талаар цаг тухайд нь, ил тод мэдээлэл өгөх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэгвэл нөгөө талд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уг асуудлаар иргэдийг “янз бүрийн цуурхал, таамаг ярианд биш”, Роспотребнадзорын албан ёсны мэдээлэлд үндэслэхийг уриалсан байна.