Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлагыг УИХ-ын дарга, Ёс зүйн байнгын хороонд хүргүүлжээ

Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлагыг УИХ-ын дарга, Ёс зүйн байнгын хороонд хүргүүлжээ

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэл, халдлагад өртөж бие мах бодь, сэтгэл санааны дарамтад амьдарч буй талаараа олон нийтэд мэдэгдсэн. Түүний мэдэгдэл олны дунд шүгэл үлээж охид, эмэгтэйчүүдэд хүчирхийллийн эсрэг дуугарах зоригийг өгөөд буй. Мөн Б.Сүндэръяагийн мэдээлэлтэй холбоотойгоор нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон олны танил хүмүүс "Ме too" хөдөлгөөнийг өрнүүлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан охидыг зоригтой байхыг уриалж, бусармаг үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах ажлыг “Me too” хөдөлгөөний хүрээнд өрнүүлсээр байгаа юм. Энэ хүрээнд Ц.Анандбазарт дарамтлуулж, хүчирхийлүүлсэн байж болзошгүй олон охид, эмэгтэйчүүд захидал илгээж эхнээсээ олонд ил болгоод буй. 

Тэгвэл “Me too” хөдөлгөөнөөс Ц.Анандбазарыг эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулан буруутай эсэхийг нь тогтоолгох шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ дахь хүчирхийллийн лобби бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлэг, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлсэн байна.

Шаардлагын агуулга нь “Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хууль хүчний байгууллагад шалгуулж буруутай эсэхийг нь шалгуулах улмаар эргүүлэх татах ёстой” гэжээ.

Харин УИХ-ын холбогдох байнгын хороо болон бусал бүлгээс ямар нэгэн хариуг “Me too” хөдөлгөөнд ирүүлээгүй байгаа гэв. Ц.Анандбазарын асуудлаар Ёс зүйн байнгын хороо ямар шийдвэр гаргах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ЗААЛТУУД-

Тэгвэл Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхтэй холбоотой дараах заалтууд бий:

Үндсэн хуулийн 29.3-т: Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлд: Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

  • 1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
  • 1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
  • 1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
  • 1.7.нас барсан.
  • 2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
  • 3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.