Л.Энх-Амгалан: Зарим хүмүүс Консерваторийн мэдээллийг улс төрийн зорилготойгоор буруу мэдээлж байна

Л.Энх-Амгалан: Зарим хүмүүс Консерваторийн мэдээллийг улс төрийн зорилготойгоор буруу мэдээлж байна

Монгол Улсын Консерваторийн багш, төгсөгч, оюутнууд өнөөдөр /2021-07-19/ хөгжимтэй тайван жагсаалыг зохион байгуулсан. Учир нь Боловсролын үнэлгээний төвийн шинэ барилгыг Монгол Улсын Консерваторийн хашаанд барихыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн БШУЯ-ны байр хүртэл хөгжимтэйгөө жагсаж шаардлага хүргүүлсэн юм.

Улмаар энэхүү асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд Монгол Улсын Консерваторийн хамт олонтой уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Мэдээлэл маш их дутуу байна. Консерваторийн БШУЯ-тай хийсэн гэрээ, Төсвийн хуулийн мэдээлэл маш дутмаг байна. Монгол Улсын консерваторийг кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийсэн байгаа. Ашиглалтын хугацаа дууссан газарт 650 хүүхдийн барилгыг барьж одоогийн байгаа байруудыг өргөтгөх ерөнхий төлөвлөгөө баталсан.

Консерваторийн газар хулгайлагдсан байна. Консерваторийн баруун хойно багш нарт зориулсан нэр дор арилжааны орон сууц баригдсан байна.

Мөн хувь хүний нэр дээр шилжсэн газрыг буцаан авч, циркийн зориулалттай барилгыг 2 тэрбум төгрөгөөр барих тохиролцоонд хүрсэн. Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвүүд байгуулахаар Монгол Улсын 2021 оны улсын төсөвт 15 тэрбум төгрөгийн өртгөөр барих хуультай төслийг сургуулийн удирдлагууд төгсөгч, суралцагч нартаа дутуу мэдээлэл өгсөн. Зарим нь Консерваторийн мэдээллийг улс төрийн зорилготойгоор буруу мэдээлж байна.

Монгол Улсын консерватори бол газрын өмчлөгч биш, эзэмшигч юм.

Тиймээс БШУЯ-ны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшиж буй хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор ийм нөхцөл байдал үүслээ. Цаашдаа хөгжлийн асуудлын талаар хоёр тал ойлголцолд хүрсэн. Алдагдсан байсан 0.6 га талбайг эзэмшилд буцаан авч, үүний 0.1 хувьд нь Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвийг байгуулахаар төлөвлөсөн" хэмээлээ.