Ж.Энхбаяр: Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургууль барих хөрөнгийг ирэх оны улсын төсөвт суулгана

Ж.Энхбаяр: Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургууль барих хөрөнгийг ирэх оны улсын төсөвт суулгана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын ганц ч сургууль, цэцэрлэг байдаггүй хэмээн иргэд ихээхэн шүүмжилдэг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд тус хороонд ерөнхий боловсролын сургууль барих төслийг эхлүүлсэн ч газрын маргааны улмаас ажлын явц дундаа тасалдаад байсан юм.

Тодруулбал, 2018 оны наймдугаар сард Нийслэлийн засаг даргын захирамжаар 26-р хороонд байрлах “Тайгам алтай” компанийн эзэмшил газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамж гарч байсан.

Гэсэн хэдий ч “Тайгам алтай компанийн зүгээс тус газрыг албан ёсны эрхтэйгээр 2007 онд дуудлага худалдаагаар авч байсан ба түүнээс хойш жил бүр газрын төлбөрөө төлж, хотхон барих төсөл төлөвлөгөөгөө боловсруулсан байхад гэнэт Нийслэлийн боловсролын газраас манай газрыг улсын өмч болгоно гэж байгаа нь шударга бус” гэж байсан юм. Энэ мэт асуудлын улмаас 26-р хороонд ерөнхий боловсролын сургууль барих асуудал шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн.

Тэгвэл өчигдөр/2021.07.29/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудаснаа “Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Олимп хотхон”-ы хажуу талын сургуулийн зориулалттай газар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэв. Одоо сургуулийн төсөв хөрөнгийг нь ирэх оны улсын төсөвт суулгах миний хариуцсан ажил үлдлээ” гэжээ.