Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакциныг тарьсан тун ДӨРВӨН тэрбум давлаа

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакциныг тарьсан тун ДӨРВӨН тэрбум давлаа

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт өчигдрийн байдлаар 4.54 тэрбум тун таригдсан байгааг мэдээллээ. Тус мэдэгдлийг Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудаст мэдээлсэн байна.

Үүн дотроос БНХАУ-д хамгийн олон буюу 1.81 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол Энэтхэг улс 519 сая гаруй тун вакцин хийлгэснээр хоёрдугаарт жагсжээ. Түүнчлэн:

  • АНУ-д 352.55 сая,
  • Бразилд 155.43 сая,
  • Японд 105.68 сая,
  • Германд 95.8 сая,
  • Их Британид 86.78 сая,
  • Туркт 80.2 сая,
  • Францад 78.15 сая тунг тус тус тарьсан байна.

Мөн "Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 30.4 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 15.8 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хүн амаа бүрэн хамруулсан  үзүүлэлтээр Мальдив улс тэргүүлснийг "Bloomberg" агентлагийн мэдээлсэн. Тус улс нь хүн амынхаа 83.4 хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулжээ.

Удаах байрт Гринланд, Бахрейн, АНЭУ, Мальта, Кайманы арлууд, Сейшелийн арлууд, Сингапур, Катар, Уругвай, Чили, Бутан, Дани, Канад, Сан Марино, Бельги, Исланд, Израил, Бермуд, Их Британи, Хятад, Испани, Монгол, Нидерланд, Поpтугал, Ирланд зэрэг орнууд багтсан байна. Тухайн орон, бүс нутгууд хүн амынхаа 62 гаруй хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулснаар жагсаалтад дээгүүр бичигдсэн аж.