“Бургер Кинг”-ээр үйлчлүүлж хордсон иргэдээс гэдэсний савханцар илэрчээ

“Бургер Кинг”-ээр үйлчлүүлж хордсон иргэдээс гэдэсний савханцар илэрчээ

Тавдугаар сарын 06-ны өдөр Зайсан салбар дахь “Бургер Кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдэд бөөлжих, суулгах, гэдэс базлах, халуурах шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хандсан байдаг. Ийн хордсон иргэдийн тоо нэмэгдсээр 100 гаруй болж, цахим орчинд хордсон, үйлчлүүлсэн иргэд гомдол гарган, сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

ХӨСҮТ-ийн зүгээс хоолны хордлогын урьдчилсан шинжилгээний хариуг өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр гарна хэмээн мэдээлсэн.

Мэдээллийн дагуу тодруулахад “Бид уг шинж тэмдэг илэрсэн 120 гаруй өвчтөн, 10 гаруй ажилтнаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар И коли буюу гэдэсний савханцар үүсгэгч илэрсэн. Уг үүсгэгч нь бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, нян тээгч өвчтэй хүнээс дамжин халдварладаг. ХӨСҮТ-д уг асуудлаар хандсан хүмүүсээс биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол байхгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнгүй, эмчийн хяналтанд байж биеийн байдал нь сайжирч байгаа” гэлээ.