FINANCIAL TIMES: Оюутолгойн зардал хэтэрсэн нь “буруу менежментээс үүдэлтэй” гэж дүгнэснийг Рио Тинто компани эсэргүүцэж байна

FINANCIAL TIMES: Оюутолгойн зардал хэтэрсэн нь “буруу менежментээс үүдэлтэй” гэж дүгнэснийг Рио Тинто компани эсэргүүцэж байна

Рио Тинто 6,75 тэрбум ам.долларын өртөг бүхий Монголын Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлтэй холбоотой бие даасан тайлангийн дүгнэлтийг эсэргүүцэж, зардал хэтэрсэн шалтгаан нь буруу менежмент бус, харин геотехникийн хүндрэлээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Риогийн түншүүдийн захиалгаар хийсэн Хараат бус зөвлөх группийн тайланд гүний уурхайн өргөтгөлийн ажил хугацаанаасаа хоёр жил хоцорч, 1,45 тэрбум ам.доллар илүү зарцуулсан шалтгааныг буруу менежментээс үүдэлтэй гэж дүгнэсэн юм.  

Рио Тинто компаниас Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Нямбаатарт бичсэн захидалд “Уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсонд Засгийн газар бухимдалтай байгааг ойлгож байгаа ч нөхцөл байдлаас үүдэн уурхайн өргөтгөлийн ажлыг дахин төлөвлөх шаардлагатай талаар” өгүүлжээ.

Мөн Риогийн төслийн тэргүүн Марк Дэвисийн гарын үсэг зурсан захидалд “төслийн удаашралд нөлөөлсөн бас нэг зүйл нь гол хандалтын босоо амыг суурилуулахтай холбоотой асуудал байсан талаар бид түншүүддээ ил тод мэдээлсэн. Үүнээс гадна Оюутолгойн ажиллах хүчний 96 хувь нь монголчууд байсан нь анх төлөвлөж байснаас хамаагүй өндөр тоо байсан. Үндэсний ажиллах хүчинд оруулсан хөрөнгө оруулалт нь төслийн өртөг, хуваарьт мөн нөлөөлсөн” гэжээ.

Газар доорх далд уурхайн өргөтгөлийн ажил дуусмагц Оюутолгой нь жилд 500 мянган тонн металл үйлдвэрлэх чадвартай дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болно. Уурхайн анхны үйлдвэрлэлийг 2020 оны сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байв. Гэвч бүтээн байгуулалтын ажил хугацаанаасаа хоцорсноос үүдэн талуудын маргаан эхэлсэн.  

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо энэ сард Лондонд айлчлах үеэрээ Рио Тинтод "Ил тод байх”-ыг уриалсан юм. Тодруулбал, тэрбээр “Бид Рио Тинтотой уурхайн ажилд яагаад саатал гарсан, юуны учир хугацаа хойшилсон талаар маш шударга ярилцах хэрэгтэй байна” гэжээ.

Харин Рио Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг ил болгох үүргээ "тууштай биелүүлсэн" гэж өмнө нь хэлж байв. Мөн “Бие даасан зөвлөх группийн тайлантай холбогдуулан бидний хүлээн зөвшөөрч буй тайлангийн хэсгүүд, үндсэндээ санал нийлэхгүй байгаа бусад хэсгүүд, санал болгож буй дараагийн алхмуудын талаар Монгол Улсын Засгийн газарт хариу өгсөн” гэж мэдэгдэлдээ дурдсан байна. 

Их Британи, АНУ-ын санхүүгийн зохицуулагчид уурхайн өргөтгөлийн ажлын хоцролт, зардал хэтэрсэн асуудлаар Риогийн мэдэгдлийг шалгаж буй. Энэ үед тус компанийн хариу арга хэмжээ нь Оюутолгой уурхайн ил тод байдлыг хангахыг уриалж буй Монголын засгийн газрын хоорондын харилцааг хурцатгаж болзошгүй юм.

 Эх сурвалж: Financial times